Хоёр ГАНТУЛГЫН хоршилд ХОЖИЛ бий юу

Zuv.mn
15 цаг 41 минутын өмнө

Улс төрийн талбарт “Хоёр Гантулгын хоршил” гэх нэр үе үе цухалзах болсон нь өөрийн эрхгүй анхаарал татав. Тэр нь ШИНЭ намын дарга Цэндсүрэнгийн Гантулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Болдын Гантулга гэдэг ид дунд насны хоёр нөхөр аж. Тэр бүрий хүмүүс танихгүй ч улс төрд бол цоо шинэ хүмүүс биш. Энд тэндгүй цээжээ дэлдээд яваад байдаггүй, нийгэмд  бодлогын түвшний харилцаа тогтоосон нөхөд бололтой юм. Тэгэхээр улс төрийн нам удирдан, гар, сэтгэл нийлж байгаа хоршил гэгчид нь хэн юм бэ гэдгийг сонирхож таарна. Монголын улс төрийн түүхэнд нэг намын удирдах багт амьдаа нар ажиллаж байгаагүй учраас сонирхол татсан хэрэг. 

ЦЭНДСҮРЭНГИЙН ГАНТУЛГА 

Бид л мэдэхгүй болохоос бус гэнэтхэн ШИНЭ намын даргаар тодорч, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан, дээд түвшинд танилцуулчихаж. Эрдэмтэн судлаачидтай хамтран, улс төр нийгмийн чиглэлд 18 хувьсгал дэвшүүлчихсэн нэг нөхөр тодорч байгаа битүү хатуу сураг сонссон хүн цөөнгүй байх. Тэдний боловсоруулсан шинэ хөтөлбөр, Үндсэн хуулийн үзэл санааг эрх баригчид ихээхэн таалж, хөшигний ард тохиролцсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй сураг чимээ ч анхаарал татсан хэрэг. 
Тэгэхээр богино хугацаанд ШИНЭ намыг дээд түвшний анхааралд оруулж чадсан тэр нөхрийг хэн ч сонирхоно. Тэр нь Дорноговь аймгийн ИТХ-д 2008-2016 он хүртэл гурван удаа иргэдээ төлөөлж, АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн гишүүн, Дорноговь аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Цэндсүрэнгийн Гантулга гэхээр улс төрд шинэ хүн биш аж. Ингээд зогсохгүй АН-ын үзэл бодлын том зөрчилдөөн дундаас өөрийгөө цэвэрхэн сугалж, ШИНЭ намын дарга болчихож. Үүнээс харахад улс төрд үндэсний ардчилсан үзэл бүхий нэгэн гол горхи урсгаж, түүнийгээ мөрөн болгохоор байгаа их санаатай эр байх. Тиймдээ ч улс төрийн 37 нам байхад үзэл баримтлалаа даган, МУНН-тай нэгдэн “Шинэ нэгдсэн эвсэл” байгуулаад сонгуульд үзэхээр болчихож. МҮАН, Ногоон нам, ИЗНН гээд ардчиллын өвөг болсон намууд тал тохой татсан ч тэр хөдлөөгүй юм гэсэн. 

Уг нь АН-ын хоймор биш юм гэхэд нэг жигүүр фракцийн хоймор байх л ёстой дүр. Ямартай ч аймгийн АН-ын даргаар ажиллаж байхдаа үндэсний хэмжээний олигархиуд тэдний гар хөлтэй орон нутгийн түвшинд “үзэж” байсан гэхээр бусдын дохио зангаа хүлээн суух хүн лав биш. 

Мэдээж хэрэг, аугаа том биш юм гэхэд том АН-аас явж, ШИНЭ намыг сонгосон нь нэг талаар өөрийн итгэл үнэмшлээр улс төр хийх гэснийх биз. Нөгөө талаар барын сүүл явснаас батганы толгой явахыг илүүд үздэг нөхөр байж таарна. 

Намын дарга болсон даруйд дэргэдээ эрдэмтдийн баг бүрдүүлж, онолын түвшний бодлого гаргаж ирсэн нь ихэс дээдэст таалагдсан хэрэг байх. Докторын зэрэг дэв хүртэл дэвшин суралцсан хүний боловсролын намтар сөхөж нуршаад яахав. Харин мэргэжлийн олон холбоод байгуулж, тэргүүлж, өдгөө ч түүнтэйгээ зууралдсаар яваагаас харахад улс төр, ШИНЭ намыг тийм ч амар орхихгүй дэг. Гэхдээ хоёр Гантулгын хоршлоос юу хожих вэ гэдгийг цаг хугацаа харуулна. 

БОЛДЫН ГАНТУЛГА

АН засаглаж байх үед БСШУЯ-нд хэлтсийн даргын алба хашиж байснаас бусад цаг хугацаанд нь багшийн ширээнд эрдэмтэн доктор болтлоо ноолуулсан хүн юм билээ. Гэхдээ бага залуугаасаа иргэний нийгмийн байгууллагуудын тэргүүн магнайд үзэл бодлоо илэрхийлсэн гэхээр улс төрд бас л шинэ хүн биш. Энэ бол Болдын Гантулга. ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй идэр насны нөхөр бас л намынхаа дарга шиг АН угшилтай ч аанай л өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо даган, ШИНЭ намын гал тогоог барьж сууна.  

ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Болдын Гантулга гэхээр тэр бүрий хүмүүс танихгүй байж мэдэх ч тодорхой хүрээнд өөрийнхөө орон зайг бий болгосон бололтой юм. Тэр бол ардчиллын үйл хэргийг оюутан ахуй цагаасаа дэмжин оролцож, иргэний нийгмийн байгууллагын туг нь болж явсан эр. Хожим “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөн үүсэж, тавин мянгуулаа талбай дээр цуглан, МАНАН дэглэмийг сөрж байх үеэс арын албанд хүчин зүтгэж, ШИНЭ намыг үүсгэн байгуулалцаж явсан гээд улс төрийн чамгүй туршлагатай нэгэн аж. 

Боловсролын салбарт 30 гаруй жил зүтгэж, доктор, профессор болтол дэвшсэн хүний боловсролын тухай яриад яахав. Харин онцлоход БНХАУ-ын Урлаг Дизайны Академид явж, таван жил суралцсан анхны 15 монгол оюутны нэг. Олон жилийн дараа очиж докторын зэрэг хамгаалсан гэхээр Дорнын соёлыг чамгүй судалсан нөхөр байх нь.

Одоо тэр ШИНЭ нам, МУНН-ын “Шинэ нэгдсэн эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Магадгүй намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэх боломж бий. Эерэг талаас нь харвал айсуй парламентад хоёр Гантулгын хоршил үргэлжлэх боломж бүрэн бий. Гэхдээ хоёр Гантулгын хоршилд ямар хожил байх вэ гэх асуудал зүй ёсоор тавигдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна