“Цалинтай ээж” хөтөлбөр гэх “тархи угаалт”

Х.Батсайхан
2024/03/29

                                                  -“Цалинтай ээж” биш, “Тэтгэмжтэй ээж”-

Эрх баригч МАН өнгөрсөн сонгуулийг угтан олон ч төсөл хөтөлбөр санаачилж хэрэгжүүлсэн. Тэдгээрээс хамгийн увайгүй, манипуляци буюу нүүрсийг алт болгож тархи угаасан нь 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50,000 төгрөг өгдөг “Цалинтай ээж” хөтөлбөр юм.

Уг нэр нь “Халамжийн 40” гэдэг нэршилтэй, сар бүр 40,000 төгрөг өгдөг, хэрэгжиж байсан ажил л даа. Үүний өмнө жирэмсний таван сартайгаас “Жирэмсний” гэдэг нэршилтэй мөн сард 40,000 төгрөгийн тэтгэмж олгодог, тэр нь нэгэнт бүрэлдээд төдий хэмжээтэй болчихсон ургийг эрүүл саруул иргэн болгож төрүүлэхийн тулд улсаас санаа тавьж байгаа агуулгатай бөгөөд 0-3 нас хүртэл өгдөг “Халамжийн 40,000“ мянга түүний шууд үргэлжлэл юм. 

Угтаа бол хүүхэд өлсөж үхэх ёсгүй, эрүүл саруул өсөх ёстой учраас хоол унданд зориулах учиртай мөнгө. Гэвч 0-3 насны хүүхэд сонгуульд оролцож саналаа өгөхгүй учраас ашиггүйг, харин ээж нь сонгууль өгөх учраас ашигтай гэж үзсэн үү, ээж нар руу чиглэсэн ажил хийх санаа, мөнгө байхгүй ч байсан уу, 2017 оноос нэрийг нь “Цалинтай ээж” болгож, 10,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 50,000 төгрөг олгох болсон юм.

Нэгэнтээ хүүхдэд зориулсан 100,000 төгрөгийн хөтөлбөр байгаа учраас дахиж хүүхэд гэж нэрлэх ашиггүй байсан байх л даа. Тэгээд л “Ээж” гэдэг нэрийг оруулж ирсэн хэрэг. 

Энэ бол үнэндээ нарийн бодож боловсруулсан тархи угаалт байсан. Дээр нь, “цалин“ гэдэг үгийг нэрэнд нь оруулсан нь ч учиртай. Яагаад гэвэл “Цалин” гэдэг нь ажлын хөлсний ерөнхий нэр боловч тухайн улсдаа тогтоосон хэмжээнд байж байж л цалин гэж нэрлэгддэг учиртай. 

Монгол Улсын хувьд энэ нь 550,000 төгрөг бөгөөд үүнийг “Цалингийн доод хэмжээ” хэмээн хуульчилсан. Өөрөөр хэлбэл, сард 550,000 төгрөгөөс дээш байж л “цалин” гэж хэлэх учиртай бөгөөд, нөгөө талаараа “цалин” гэдэг үгийг сонсоход л сардаа дор хаяж 550,000 төгрөг авдаг хүн байна гэдэг ойлголтыг төрүүлдэг учиртай. 

Хэрвээ тэтгэмжийн нэр нь “Цалинтай ээж” гэж байгаа бол сард 550,000 төгрөг, түүнээс дээш байх учиртай. Гэтэл тийм биш, ээжид өгч байгаа мөнгө бүр биш байгаа учраас “тархи угаалт” гэж байгаа юм.
Тиймээс ээжид өгч байгаа мэт тархи угаалтаа боль оо, “хүүхдийн” гэдгээр нь өг. Цалин гэдгээ боль, тэтгэмж гэдгээр нь нэрлэх ёстой. Хэт гоёчилсон, болохгүй байгаа юмыг болж, бүтэж байгаа мэт харагдуулдаг байдал газар авсны бэлгэ тэмдэг нь энэ “Цалинтай ээж” хөтөлбөр болоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна