Жаргалант тосгонд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга барина

С.Гандэлгэр
2024/03/31

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар өнөөдөр тус байршилд ажиллалаа. Энэ хүрээнд тус эмнэлгийн эзэмшил талбайд хоёр давхар, 20 ортой шинэ барилга барьж, хуучин барилгыг эмнэлгийн ажилчдын хэрэгцээнд зориулан ашиглахаар болов.

Тодруулбал, Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв нь анх 1975 онд үүсэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа явуулж буй одоогийн барилга нь 1995 онд ашиглалтад орсон. Нэг давхар, 300 ам метр талбай бүхий тус эмнэлийн барилга нь 15 ортой, үндсэн 8200, харьяаллын бус 3200 буюу нийт 12 мянга орчим хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Их эмч, сувилагч, лаборант, тусгай мэргэжилтэн, инженер гэх мэт нийт 26 ажилтантай. Өдгөө Жаргалант тосгоны хүн ам өсөн нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаарлагатай байгаа боловч эмнэлгийн барилга нь хуучирч, хүчин чадал нь хангалтгүй болоод байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд дөрвөн тосгоны Эрүүл мэндийн төв байдаг. Түүний нэг болох Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв өмнө нь 6000 орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдэж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болсон байна. Тиймээс өнөөдөр тус байршилд ажиллаж, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн жишиг зургийн дагуу шинэ барилга барихаар шийдвэрлэлээ. Цаашлаад хуучин байрны зориулалтыг өөрчлөн, эмч ажилчдын байр болгох боломжтой хэмээн ярилцсан. Одоогийн барилга нь дээврийн болон ханын дулаан алдагдал ихтэй байгаа учраас нийслэл, дүүргийн төсвөөс дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийнэ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:

-Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн эзэмшил талбай нь хангалттай учраас өргөтгөлийн барилга барих газар асуудалгүй шийдэгдэж байна. Хуучин барилгад шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд багтаан хийнэ. Жаргалант тосгон нь бие даасан дэд бүтэцтэй, уурын зууханд түшиглэн шинэ барилга ашиглалтад оруулах бүрэн боломжтой. Барилгын жишиг зураг төсөл бэлэн учраас төсөв хөрөнгийг шийдвэрлэн, тендерийг зарлаж энэ ондоо багтаан барилгын ажлыг эхлүүлнэ.

Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга У.Энэрэл:

-Манай эмнэлэг харьяаллын болон харьяаллын бус 12 мянган иргэнд үйлчилгээ үзүүлэхээс гадна түргэн тусламжийн алс, ойрын дуудлага хүлээн авч, шаардлагатай нөхцөлд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэс засал, эх барих үйл ажиллагааг явуулдаг. Эмнэлгийн барилгад 2004 оноос хойш их засвар хийгээгүй. Шинэ барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу хотын төвөөс 50 км зайд алслагдмал байгаа иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ойртож, хэвтэн эмчлүүлэх орны тоо нэмэгдэн, үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна. Тосгоны хүн амын тоо өсөж байгаа учраас шинэ барилга барих зайлшгүй шаардлагатай болоод байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна