"Сошиал шүүх"

Zuv.mn
2024/04/03

"Хүсвэл би хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр яллаж, хохироож чадна"

Архимед 

Архимед ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ яг одоо өнөөгийн Монголд сошиал сүлжээ ашиглагчид бүгд Архимедийн үгийг өөр өөрсдийнхөөрөө гуйвуулан хэлэх бүрэн эрхтэй гэж боддог болчихжээ.  

СУИС-ийн ТУС-д курсын ялгаа, дээрэлхэлт байсан гэх мэдээллийг Khandma Khandma хаягтай хэрэглэгч Фэйсбүүк сүлжээнд тавьж, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарыг эзэд нь хэмээн зарлажээ. Мэдэгдэлдээ “Хүний хамар хуга цохиж байсан” зэрэг эрүүгийн шинжтэй ноцтой хэргийн талаар дурдсан байна.

Энэ бол ноцтой мэдээлэл бөгөөд хохирогч гарч ирвэл хуулийн байгууллагаар шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцвол зохих гэмт хэрэг мөн. Гэхдээ, эл үүргийг зөвхөн хууль, шүүхийн байгууллага хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг уншигчдад сануулж хэлэх гэсэн юм.

Тодруулбал, дээрх мэдээллийг гарсны дараа иргэд олноороо хуваалцан түгээж, “Нэр дурдагдсан жүжигчдийг кинонд тоглуулахыг эсэргүүцэх, хэн нэг найруулагч тэднийг бүтээлдээ урьж тоглуулбал тоглосон киног нь үзэхгүй байх” зэрэг уриалга гаргаж байгаад эмзэглэв.

Иргэд жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар булли хийдэгт эгдүүцсэн хэр нь ямар ч баталгаа нотолгоогүйгээр эргүүлээд булли хийж байна.

Төр нь сошиал дагаж туйлшраад, шийдвэрээсээ эргэж буцдаг байдал ойрын жилүүдэд хавтгайрсан. УИХ, Засгийн газар шийдвэр гаргадаг, сошиалаар шүүмжлээд эхлэхээр цуцалдаг байдал газар авсан. “Ковид”-ын үеэр наадмыг дэмжиж жагсахаар “Наадам хийх” шийдвэр гаргаад, эсэргүүцсэн жагсаалд арай олон хүн очихоор нь “Наадам хийхгүй” гэж цуцалж байсныг энд дурьдаж болно.

Энэ эргэц буцсан, сошиал дахь олон янзын үзэл бодол дунд гуйвалтгүй байж чадахгүй байдал нь даамжирсаар иргэдийг сэтгэлгээний хувьд гажуудуулсан байхыг үгүйсгэх газаргүй. Иргэд нь нэгнээ хууль, шүүхийн шийдвэргүйгээр ялладаг үе ирсэн бол хууль, шүүхээ татан буулгачихья.  


 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна