Шүүхийн байранд “улаан гэрэл” асжээ

Zuv.mn
2024/04/04

Анх 1968 онд цэргийн эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орсон хагас зуун жилээс өндөр насжилттай, актлагдсан байранд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гурван шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Тус шүүхийн байраар өдөрт 400-500 орчим хүн үйлчлүүлдэг. Тэдэнд гурван дүүргийн 37 шүүгч, 91 захиргаа, үйлчилгээний албан хаагч шүүхийн шударга ёсны үйлчилгээг хүргэхээр амсхийх завгүй ажиллаж байна.

Гадна хашаанаасаа эхлээд л олны хөлд дарагддаг нь илхэн. Шүүхийн үүдээр машинууд зай завсаргүй эгнэн, уртаас урт дараалал үүсгэн түгжирсэн байх бол хашааны хаалганы үүдэнд 50 гаруй хүн эгнэн зогссон харагдана. Тэд бол шүүхэд шилжиж ирсэн залилангийн хэргийн хохирогчид. 177 хохирогчтой хэрэг шүүхэд ирэхтэй зэрэгцээд сураг, чимээ тавихаар ирсэн нь энэ гэнэ.

      Шүүхийн хаалгаар ороход давчуу, бүгчим, хөл гишгэх зайгүй орчин биднийг угтлаа. Нарийн хонгилд тавьсан урт сандал дээр хэргийн оролцогчдын ар гэр бололтой хүмүүс шахцалдан суугаад юу ч юм хоорондоо дүнгэр дүнгэр ярилцана. Шүүхийн хонгил маш нарийхан. Тэр нарийхан зайд хөл хөдөлгөөн тасарна гэж огт үгүй. Өсгийтэй, өсгийгүй элдэв гутлын чимээтэй зэрэгцээд энд тэндгүй хаалга тас, няс хийнэ.

       Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй гурван дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрандаа багтаж ядна. Багадсан байрандаа 37 шүүгч, 91 захиргаа, үйлчилгээний ажилтнаа шингээх гэж оготнын нүх шиг жижигхэн олон өрөө, тасалгаа гаргажээ. Шүүгч нар өрөөндөө хоёроороо голдуу суух бөгөөд хоймортоо хоёр төрийн сүлд залсан харагдана. Монгол Улсын нэрийн өмнөөс хүний хувь тавиланг шийдвэрлэнэ гэдэг амаргүй. Тиймээс ч шүүх хуралдаанд орохын өмнө шүүгч нар төрийнхөө сүлдэнд залбираад гардаг. Нэг өрөөнд хоёр сүлд зэрэгцэн заларсан учир ийм. Гурвуулаа сууж байснаа бодвол одоо хоёулаа болсон гэсээр шүүгчид угтсан юм.

       Шүүхийн захиргааны албан хаагчид нэг өрөөнд тав, зургуулаа тохой залгаад суусан харагдана. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар өрөөнд 12-уулаа суудаг юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Насандэлгэр нэгэн нарийн бичгийн даргын дэргэд очоод “Хуралдааны тэмдэглэлээ хэрхэн бичиж байна, дуу хураагуур ашиглаж байна уу” гэвэл өөдөөс нь гайхаж хараад “би өнөөдөр ажилд орж байгаа юмаа, сайн мэдэхгүй байна” гэлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхүүд дээр ажиллахад ч яг ийм тохиолдол гарсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар ажилдаа тогтдоггүй болсоор удаж байгаа бөгөөд зарим нь 7 хоног ажиллаад л шантардаг гэнэ.

 

 

       Шүүгчийн туслахууд ч мөн 8-10 уулаа суусан байх бөгөөд үйлчлүүлэгч, хэргийн оролцогчид, ар гэрийнхэн нь гээд тэр жижигхэн өрөөнд шүүхийн амьдрал буцалж байна.

      Гурван дүүргийн шүүх дундаа 8 шүүх хуралдааны танхимтай. Шүүгчийн туслахууд, шүүгч нар ч танхимаа булаацалдаад маргаан тасардаггүй гэдгээ нуусангүй. Хамгийн том нь 68.7 м.кв, бол дундаж нь 30-40 м.кв, хамгийн жижиг нь 14.7 м.кв юм байна. Стандарт орон сууцны ариун цэврийн өрөө 12 м.кв байдаг. Үнэндээ ч айлын угаалгын өрөөнөөс томгүй юм.

       Эдгээр 8 танхимд 37 шүүгч, 40 эрүүгийн хурал, 100 орчим зөрчил, цагдан хорионы шүүх хуралдаан хийж байна. Шүүхүүд товлогдсон хурлуудаас гадна яаралтай орох хялбаршуулсан хэрэг, зөрчлийн хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээний саналуудыг хүлээн авч шийдвэрлэдэг.

       Ийм нөхцөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийг угтсан юм. Энэ бол тухайн шүүхийн жирийн л нэг ажлын өдөр. Шүүгчдийн хүсэлтээр Ерөнхий зөвлөлийн гишүүд гурван багт хуваагдан ойрын хугацаанд шүүхүүд дээр биечлэн очиж ажиллахаар болсон. Манай ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хэвлэл мэдээлэл хариуцсан референт Г.Буянхишиг миний бие багтсан нь энэ.

       Товлосон шүүх хурал хугацаандаа орохгүй хэргийн оролцогчдыг олон цагаар хүлээлгэх нөхцөл үүссэн гомдол, санал огт тасрахгүй. Залилангийн хэргийн 177 хохирогчдын төлөөлөлд “шүүх хэргийг хүлээн авсан, шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах ажиллагаа хийгдэж байна, хуралдаан товлогдохоор хэргийн оролцогчдод бүгдэд нь мэдэгдэнэ” гэдгийг тайлбарлаад дөнгөж сая тараалаа гэж шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг хэлж байлаа.

      Биднийг очихын өмнөхөн ХЭҮК-ийн ажилтнууд, цагдаагийнхан тус шүүхэд ажиллаад явжээ. Учир нь рекетүүдийн гэх тодотголтой 16 хүнийг тусгаарлалтаас шүүх рүү хүргэхдээ тусгайгийн албан хаагчид зодсон” гэх гомдлыг тэд гаргаж. Тэдний ар гэрийнхэн, найз нөхөд гэх хүмүүс шүүхийн үүдээр холхиостой. Өмнөх шүүх хурлын үеэр рекетүүд гэгдэх 16 мөн л шуугиан тарьж, шүүх хуралдаанд суусан өдрөө нойлын өрөөний хаалгыг нь цөм өшиглөсөн, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг болон цагдааг сүрдүүлсэн гэх. Тиймээс ч цагдаа биш тусгайгийн албан хаагчдаар шүүх рүү хүргүүлэхэд ийм асуудал дэгдсэн байна.

       Шүүхийн байр ашиглалтын хугацаа дуусаад удсан тул мөөгөнцөртөх, нойл бөглөрөх, ус тасрах, шугам сүлжээний асуудлууд байнга гардаг. Эдгээр асуудлыг тухай бүр шийддэг ч бараг өдөр бүр давтагдаж байгаа талаар Тамгын газрын дарга хэлж байлаа.

       Шүүхийн өрөө, танхимуудтай танилцаж явсаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулын өрөөнд оров. Тэрээр тус шүүхийн Ерөнхий шүүгчээр 2014 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай төдийгүй шүүхийн цөөн хэдэн докторуудын нэг.

       Та нарыг зөвшөөрвөл “Шүүхийн хашаанд монгол гэр бариад эсвэл “вагончик” тавиад ч болсон шүүх хуралдаан явуулмаар байна” гэсээр угтлаа. Энэ бол шүүх танхимын хүрэлцээгүйгээс гарц хайж, аргаа барсан шүүгчийн үг. Зарим цагдан хорионы шүүх хуралдааныг цагдаагийн байранд явуулдаг, магадлангийн хурлаа хорих ангиуд дээр хийж, бүхий л нөөц боломжоо ашиглаж байгаа ч шийдлээ хүлээсэн хэргүүд их.

       Дараа нь бид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатартай уулзлаа. Тус шүүхэд “цагаан захтнууд”-ын гэгдэх авлига, албан тушаалтнуудын болоод ээдрээ төвөгтэй хэрэг тасрахгүй. Тиймдээ ч хамгийн ихээр олны анхаарлын төвд байдаг онцлогтой. Тиймээс ч олон нийтэд хамгийн нээлттэй шүүх, шүүгч байх.  Нөгөө алдарт 57 хоног үргэлжилсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “хөгжлийн банк”-ны гэх хэргийг эдний шүүх шийдсэн. Шүүх хуралдааныг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар 57 хоногийн турш шууд дамжуулсан. Рекетүүдийн гэгдэх ээдрээ, төвөгтэй хэрэг ч мөн тус шүүх дээр байгаа аж. Хоёр эмэгтэй шүүгчдээ хамгаалалт авсан талаар тэрээр хэлж байв.

       Шүүгчийн ажлын ачааллыг тооцох шалгуур үзүүлэлтэд нэг шүүгчид ногдох хэргийн тоо 105 байвал хэвийн гэж үзнэ гэж заасан байдаг. Энэ үзүүлэлтээр “Хөгжлийн банк”-ны 460 хавтаст хэрэг нэг хэргээр тооцогдоно. Тиймээс шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлтийг илүү нарийвчлах шаардлагатай, тус хэргийг шийдвэрлэхэд зарцуулсан цаг хугацаа, гаргасан зардал зэргийг тооцвол зөвхөн энэ хэрэг гэхэд 80-100 хэрэгтэй дүйцүүлж болохоор байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав өгүүлж байлаа.

     Тун ч удсангүй, шүүгч ажилтнууд танхимд цугларсан гэх мэдээлэл ирж, уулзалтад орохоор бид яаравчлав. Тус шүүхийн ажилтнууд хамгийн том шүүх хуралдааны танхимдаа хэдийн цуглаад биднийг угтлаа. Хэд гурваараа сандлаа хуваан суугаад зарим нь хана даган зогссон байх бөгөөд бүгд л энэ уулзалтад ач холбогдол өгч байгаа нь илт.

 

       Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд бодлого, шийдвэрээ танилцуулах төлөвлөгөөтэй очсон. Уулзалтын цаг богино тул танилцуулгаа товчлоод шүүгч, ажилтнуудын үгийг сонсох хугацааг уртасгахаар ажлын хэсгийнхэн тохирсон юм. Энэ дагуу маш товч танилцуулга хийгээд шүүгч, ажилтнуудын санал, бодлыг сонсож, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа.

       Жижигхэн танхимд олуулаа цугларсан болоод ч тэр үү маш бүгчим, халуун. Компьютерийн процессор маш чангаар дүнгэнэх нь шүүх хуралдааны танхимын тоног, төхөөрөмж хуучирч, муудсанаа өөрсдөө “ховлоод” байна уу гэлтэй. Хүнээр бол тэтгэвэртээ гармаар байна л гээд байгаа бололтой. Ашиглалтын хугацаа нь дуусаад удаж байгаа учраас бас аргагүй. Товчхондоо хэлэхэд шүүхийн байр, орчин, шүүгч ажилтнуудын ажлын ачаалал, стресс ужгирсаар шүүхийн байранд “улаан гэрэл” асжээ.

       “Шүүхийн ерөнхий зөвлөл” юу хийж байгаа юм бэ гэсэн “халуухан” шүүмжлэл, түм түмэн асуулт биднийг угтсан.

       “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахуудын цалинг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэх тухай Шүүхийн тухай хууль гарсан. Гэтэл бидний цалинг 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс нэмээд зөрүү мөнгийг нөхөж өгнө гээд өгсөнгүй” гэх гомдлыг нэгэн туслах тавив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр “Хэдийгээр хуульд 01 дүгээр сараас нэмэгдүүлэхээр заасан боловч  Засгийн газрын тогтоол 4 сарын 1-ээс гарсан, цалингийн нэмэгдэл 4 дүгээр сараас тооцогдож, төсөвт суусан. Нөхөж өгөх төсөв суугдаагүй” хэмээн учирлалаа.

       Шүүхийн байрнаас дутахааргүй хүндрэлтэй асуудал бол хүний нөөц. Шүүхийн захиргаа хүний нөөцийн дутагдалд оржээ. Ажлын ачаалал их, цалин бага, ажиллах орчин нөхцөл хүнд гээд халшраад ажлаас гардаг. Үүнээс гадна шүүхийн захиргаанд ажилласан хугацааг хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд тооцохоо больсон нь үүнд бас нөлөөлжээ. Хуульчийн мэргэжлийн дадлагыг 3-аас доошгүй жил хийж байж, хуульчийн шалгалтад орох эрх үүснэ. Гэтэл шүүхийн захиргаанд ажилласан хугацааг хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд тооцдоггүй. Шүүхийн тухай хуулиар шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна гэх шаардлага тавигдсан. Энэ шалгуурыг хангах нь цөөн учраас шүүгчийн туслахаар ажиллах хүн ховорджээ.

       Хэдэн жилийн өмнө шүүхийн хүний нөөц маш тогтвортой байдаг байсан. Ажилдаа гаршсан, шүүгчээс дутахгүй мэдлэг чадвартай сайн туслахууд хэргийн оролцогч нарт нөмөр, түшигтэй байдаг байлаа. Одоо харин шүүхэд тогтвортой ажилласан, ажилдаа гаршсан туслах, нарийнууд нүдний гэм.

       Шүүхэд тулгамдсан эдгээр асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл маш сайн мэдэж байгаа. Гол нь шийдвэрлэх төсөв, мөнгөн дээрээ л гацдаг. Шүүхэд барилга, байшин барих, шүүгч, ажилтнуудын цалин хөлс, өдөр тутмын зардал гээд бүхий л төсвийг УИХ, Засгийн газар шийдвэрлэдэг. Шүүхийн нөхцөл байдлыг тэд гадарлахгүй байгаа учраас шүүхийн төсвийг хасаж, танасаар ирсэн. Сүүлийн 10 гаруй жил шүүхэд хөрөнгө оруулалтын төсвийг бүрэн танаж, нэг ч төгрөг тавиагүй бол өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг тавьсан. Ийм төсвөөр шүүх дэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дор хаяж 10-20 жил шаардагдана. Нэгийг нь шийдвэрлэж байтал нөгөөгийнх нь хугацаа дуусаж улаан гэрэл асна. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй болтлоо бугшсан хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бол үе үеийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн “шүдний өвчин” билээ.

 

       Уулзалт дуусахад ажлын цаг хэдийн дууссан, нар хэвийсэн байлаа. Харин шүүхийн ажлын цаг дуусах болоогүй, шүүхийн гаднах хөл хөдөлгөөн ч тасраагүй хэвээрээ. 

       Шүүхийн хашаан дотор хэргийн оролцогчдын ар гэр цагдаа нартай маргаан үүсгэн барилцаж авсан харагдана. Цаанаас нь нас нэлээд тогтсон эмэгтэй “хүүгийнхээ цогцсыг хармаар байна” хэмээн хашхирах нь сонсогдоно. Шүүхээр дандаа гэмт хэрэгтнүүд үйлчлүүлдэггүй. Энд хохирсон эгэл жирийн мянга мянган иргэд шударга ёсыг нэхэж ирдэг. Тангараг өргөсөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаа сөхөрч унахаас өмнө шүүхэд ассан “улаан гэрэл”-д төр, засаг анхаарах цаг болжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.242
    2024/04/04

    янз бүрийн хэрэг шийдэгддэг газарын хүмүүсийн аюулгүй байдлыг хангах л хэрэгтэй дээ үнэхээр хэцүү шүү дээ

    Хариулах
  • 49.0.138.153
    2024/04/04

    Gemt hereg hiihee l bolchih l doo, Uher mongolchuud aa!!!

    Хариулах
  • 66.181.191.14
    2024/04/04

    ШҮҮХИЙН БАЙР Ч ЯАХАВ ДЭЭ. ШҮҮГЧ НАРЫН ИХЭНХ НЬ ХОНГИЛЫНХОН ТЭД ШОРОНД ОЧИХ ЁСТОЙ

    Хариулах