Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой

С.Гандэлгэр
2024/04/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баялаг-Өлзий”, “Цагаан ямаат кашемир” ХХК-д ажиллалаа.
“БАЯЛАГ-ӨЛЗИЙ” ХХК

Тус компани “Цагаан ямаат Баянговь” хоршооноос гадна “Цагаан ямаат кашемир” угааж самнах анхан шатны боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, “Бодиос Монголиа” брэндийг үүсгэн хөгжүүлж байна.

2005 оноос торомны ноос, сарлагийн хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн түүхтэй. Торомны ноосыг том тэмээний ноосноос тусад нь ялгаж боловсруулдаг технологийг эх орондоо анх нутагшуулсан байна.

Өдгөө 150 гаруй ажилтантай, жилд 100 мянган бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүлжмэлийн үйлдвэр, 410 тн бохир ноолуур угаах, 60 тн самнасан цагаан ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай анхан шатны боловсруулах үйлдвэртэй, түүхий эд бэлтгэлийн бааз суурь бүхий 700 өрхийг хамарсан хоршоотой болжээ.

Боловсруулах  үйлдвэрүүдээ төрийн бодлогоор тууштай дэмжвэл дотоодын зах зээлээ хангаж, улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж нэмэгдэн, энэ хэрээр эдийн засгийн өсөж, малчдын ахуй амьдрал сайжрах зэрэг олон эерэг үр дүнтэй гэж үздэгээ компанийн удирдлагууд хэллээ.

Одоогоор ноолуурын экспортоос жилд 400 орчим сая ам.доллар олж байгаа бөгөөд энэ салбарыг дэмжиж, ээрэх технологийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр ойрын 4-5 жилд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.

“Баялаг-Өлзий” ХХК 2023 онд дотоод, гадаадын зах зээлд 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд 20 орчим улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Өнгөрсөн онд улсад 1,7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, шууд болон шууд бусаар 700 гаруй ажлын байр бий болгосон байна.

2023 онд зөвхөн дотоодын зах зээлээс 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжиж хамтран ажиллажээ.

“ЦАГААН ЯМААТ КАШЕМИР” ҮЙЛДВЭР

Тус үйлдвэр зөвхөн цагаан ноолуур боловсруулдаг, олон улсын ноолуурын мөрдөн мөшгөх системийн тогтолцоо хэрэгжүүлсэн байна.  

Өмнө нь огт ашигладаггүй, байгалийн жамаараа гуужиж хаягддаг байсан сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх аргыг малчидтай хамтран боловсруулж, хөөврийг нь худалдаж авдаг болсноор үнэ цэнийг нь 10 дахин өсгөж чаджээ.

Монгол Улсын нийт сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна