Словакийн Ерөнхийлөгчөөр эдийн засагч хүн сонгогдлоо

Х.Батсайхан
2024/04/08

Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд Дуу хоолой-Нийгмийн ардчилал намын дарга Петер Пеллегрини ялалт байгуулжээ.  Тэрээр сонгогчдын 53.12 хувийн саналыг авсан байна. Түүнтэй өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Иван Корчок ялагдлаа хүлээн зөвшөөрч өрсөлдөгчдөө баяр хүргэсэн ч сонгууль ил тод болоогүй гэж мэдэгджээ. 

П.Пеллегрини өөрийг нь дэмжсэн 1.4 сая сонгогчид талархал илэрхийлээд Бүгд найрамдах улс дайны бус энх тайвны талд байх болно гэж амалсан байна. Шинэ Ерөнхийлөгч Украины мөргөлдөөнийг хурдан шийдвэрлэхийг дэмжиж байгаа бөгөөд Киевт зэвсэг нийлүүлэхийн эсрэг гэдгээ өмнө нь хэлж байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор гадаад бодлогод яаран өөрчлөлт оруулахгүй гэсэн байна. 

П.Пеллегрини Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Парламентын спикер хийж байсан бөгөөд 2018-2020 онд Ерөнхий сайдаар ажиллаж байв. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр сүүлийн зургаан жилд улс төрийн хамгийн өндөр албан тушаалуудад ажиллажээ. Тэрбээр Шадар сайдын албан тушаалыг хашиж байхдаа 2017 онд Монгол Улсад айлчилж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна