Ажлаа хийж байгаад амиа алдсан аврагч нарын асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

Zuv.mn
2024/04/09

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Онцгой байдлын таван аврагч алтан амиа алдаж, цаг бусаар хорвоог орхилоо. Бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар явсан тэд өөрсдөө эрсдэж, гэр бүлд нь нөхөж баршгүй хохирол учраад байна.

Өчигдөр /2024.04.08/ гэхэд Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Баянхошуунд байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад гал гарч, галыг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын хоёр аврагч угаартаж, нэг аврагч амиа алдсан харамсалтай хэрэг гарав. 

ОБЕГ-аас нөгөө л нэг улиг болсон ХАБ зөрчигдөөгүй гэсэн ч талийгаачийн эгч түүнийг Онцгой байдалд 20 гаруй жил ажилласан. Тэтгэвэрт гарах хугацаа нь хэдийнэ болсон. Өнгөрсөн оноос удаа дараа хүсэлтээ өгсөн ч хүлээн аваагүй. Бага насны таван хүүхэдтэй хүн байсан гэдгийг онцолсон юм.

Эндээс хүний амь настай шууд холбоотой энэ салбар хүний нөөцийн дутагдалд орсон уу гэх асуудал яригдана. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагддаг эсэх нь ч эргэлзээ дагуулж байна.

Ажлаа хийж явсан аврагчид амиа алдах бүрт албан тушаалтнууд нь арьсаа хамгаалаад үлддэг байдал хэр удаан үргэлжлэх вэ.

Миний сүлжээ дэлгүүрт жил дамнан гал гурван хүн амь үрэгдлээ

С.Сэргэлэнгийн үүсгэн байгуулсан “Миний сүлжээ” дэлгүүр жил бүр гал гарч, иргэдийн амь насанд заналхийлдэг аюултай газар болоод хувирчихлаа.  

Одоогоос жил хүрэхгүйн өмнө буюу 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр “Аса" циркийн ойролцоох “Миний сүлжээ” дэлгүүрийн В1 давхарт хөргөгчны пирон шатаж, гурван ажилтан түлэгдсэнээс хоёр нь нас барж байсан гашуун түүх бий.

 “Миний” сүлжээ дэлгүүр бол олон салбартай боловч нэг байгууллага. Нэгдсэн стандарт, удирдлагаар хангагддаг. Жил хүрэхгүйн өмнө Миний сүлжээ дэлгүүрийн нэг салбарт гал гарч, хоёрын хоёр эрдэнэт хүний амь нас үрэгдсэн. Гэтэл өөр нэг салбарт нь дахин гал гарч онцгой байдлын аврагч амь насаа алдсан нь тус сүлжээ дэлгүүр галын аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөхгүй байгааг харуулж байна.

Мэдээж галын дүгнэлт гараагүй байгаа. Гэсэн ч жилийн дотор нэг дэлгүүрийн хоёр салбарт гал гарч гурван хүн амиа алдлаа. Энэ бол баримт. Энэ хугацаанд галын аюулгүй байдлыг хангах асуудалд ач холбогдол өгөөгүйгээ удаа дараалан гал гарсан байхыг үгүйсгэхгүй. 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн гэр бүл, ажлын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.103
    2024/04/09

    ТАТВАР ТӨЛӨГЧИД. БАЙР ӨГНӨ:

    Хариулах
  • 66.181.182.103
    2024/04/09

    Уг асуудлыг хариуцсан шадар сайд, ОБГ дарга нар хариуцлага хүлээдэггүй учир асуудлыг мартдаг. Дахиад л хүний амь

    Хариулах