ОБЕГ-ын даргаар мэргэжлийн хүн томильё


-Онцгой байдлын алба боловсон хүчний дутагдалд ороход ойрхон байна-

Нэгэн үе залуусын хүсэл мөрөөдөл байсан энэ албанд боловсон хүчний дутагдал нүүрлэхэд ойрхон иржээ. Алба хаагчид, тэр дундаа олон жил ажилласан туршлагатай алба хаагчид нь тэтгэвэрт гарах, албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх талаар ярих болсон байна. Тиймээс бэтгэгдсэн алба хаагч нартаа “Тэтгэвэртээ суулгүй дахиад таван жил ажиллачих. Ийм, тийм шагнал өгье” хэмээн төрийн одон тэмдэг, гавьяа шагнал амлан тогтоохыг оролдох болсон байна.

Ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж муу, амь насаа алдах тохиолдол олширсон нь алба хаагчдын шийдвэрт нөлөөлжээ. Онцгой байдлын алба өмнө нь ч хүн хүчний хүрэлцээ хангалтгүй, орон тоогоо бүрэн гүйцээгээгүй салбар нэгжүүд ажиллаж ирсэн. Одоо эцэг, эхчүүд хүүхдээ Онцгой байдлын албанд оруулахаас айж, ажиллаж байгаагийнх нь ар гэр ажлаа солихыг ятгаж, байдал бүр дордож мэдэх нөхцөл үүсээд байна.   

Аврагчид амь, насаа ойр, ойрхон алддаг байдлыг цаашид үргэлжлүүлбэл энэ албанд орж ажиллан амь насаа дэнчин тавих хүн олдохгүй болоход ойртжээ.

Тусгай мэргэжил зайлшгүй шаарддаг энэ албаны даргаар сүүлийн жилүүдэд намын эрх мэдэлтний “цүнх баригч”, даргын найз гэх сэтэртэй эрээвэр, хураавар этгээдүүд томилогддог болсон. ОБЕГ-ын дарга байсан, Шадар сайд Д.Тэрбишдагвын хүн гэгдэх Т.Дуламдорж, дэд дарга байсан, АН-ын партизан гэх Дарь.Сүхбаатар нарыг энд дурдаж болно. Одоогийн дарга Г.Ариунбуян ч мэргэжлийн бус бөгөөд цэргийн эдийн засагч мэргэжилтэй түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа зөвлөхөөр авч, улмаар Онцгой байдлын байгууллагад удирдах албан тушаалд томилсон байдаг. 

Энэ эрсдэлт нөхцөл байдлыг засах арга нь асуудлыг цогцоор нь харж, Онцгой байдлын албыг эрх баригчдын “Бялуу”-ны нэг хэсэг биш, даргаас нь эхлээд жинхэнэ мэргэжлийн боловсон хүчнээр бүрдүүлэх явдал гэж харж байна.  

Даргын нөлөөгөөр томилогдсон мэргэжлийн бус нөхдүүд "эзэн" дарга нь албан тушаалаасаа буухгүй л бол халагдана, солигдоно гэсэн асуудал байдаггүй. Тийм ч учраас ажилдаа анхаардаггүй байх магадлалтай. Харин дотроос нь, мэргэжлийн хүн тавьчихвал алдаа дутагдал гаргасан даруйд солиод томилоод байж болно. Ажил ч урагшлах магадлалтай. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.177
    2024/04/10

    Хүчил төрөгчийн аппарат, утааны хамгаалалтын маскгүй гал унтраагч байж болохгүй. ОБЕГ ын дарга нарын унадаг том машинуудаас зарж хэрэгтэй багаж хэрэгсэлийг нь авч өгөх ёстой. Анхны гал унтраагч осолдоход л арга хэмжээ авах ёстой байсан. ОДОО ОБЕГ ын дарга нар, ШАДАР сайд нарыг огцруулах ёстой.

    Хариулах