“Ачит Ихт” ХХК-ийн МЭДЭГДЭЛ

Zuv.mn
2024/04/12

Монгол Улсын хууль, хяналтын байгууллагыг явцуу сонирхолдоо ашиглаж байгааг эрс эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК /хуучнаар/-тай байгуулсан 2010 оны гэрээний дагуу 2011-2014 онд бүтээн байгуулалтаа хийж, 2014 оны 7-р сараас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хэлбэрээр хуримтлагдсан холимог хүдрийн нөөцийг ашиглан катодын зэс ялгах үйлдвэрлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Ачит Ихт” ХХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос үүсмэл ордын нөөц ашигласны төлбөрт улсад 33.7 тэрбум төгрөг, нийт дүнгээр  улс, орон нутгийн төсөвт 11 төрлийн татвараар 368.6 тэрбум төгрөгийг төлсөн. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2015 оны гэрээний дагуу овоолго ашигласны төлбөрт 26.69 тэрбум төгрөгийг төлж, 250 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

Мөн “Ачит Ихт” ХХК нь үйлдвэрлэл явуулж олсон ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө тогтмол зарцуулж ирсэн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын таван сургуульд химийн иж бүрэн кабинет тохижуулж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж ирсэн. Монгол Улсад анх удаа ажилтнууддаа зориулан Давуу эрхийн хувьцаа гаргасан төдийгүй олон улсын олимпын стандартад нийцсэн “Степпе Арена-Мөсөн өргөө” төслийг санхүүжүүлэн барьж байгуулаад, амжилттай дэмжин ажиллуулж байна.

Сайны хажуугаар саар гэгчийн үлгэрээр, сонгууль бүрийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан илтэд худал мэдээллийг гарган, тэрхүү мэдээллийн мөрөөр хууль бусаар хэрэг үүсгэн сөрөг хүчнээ намнах гэсэн явцуу сонирхол сүүлийн 2 сонгууль дамнан явагдаж, “Ачит Ихт” ХХК-ийг бай болгон ашиглаж байна.

“Ачит Ихт” ХХК-ийг 2020 оны сонгуулийг угтан 2019 оны сүүлээр  “Ц.Элбэгдоржийн компани”, “Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж байгаа” гэх гүтгэлгийн нэвтрүүлэг гарсны дараахан Авлигатай тэмцэх газраас иж бүрэн шалгалт орж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн хамааралгүй гэдгийг албан ёсоор тогтоосон билээ. Мөн манай компанийн зүгээс “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь тус компанийн хувь эзэмшил болон үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, оролцоогүй болох”-ыг удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан.

 Гэтэл 2024 оны сонгуулийг угтан 2023 оны сүүлээр МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал “Ачит-Ихт” ХХК-ийг “Ц.Элбэгдоржийн компани” мэтээр огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хариуцлагагүйгээр ярьсны дараа тодорхой хаяггүй “Vision Mongolia” гэх цахим хуудсаар 2024 оны 04-р сарын 04-ний өдрөөс “Ард түмний мэдэлд байх ёстой Ачит Ихт үйлдвэрийг Элбэгдорж, Цагаан хоёр булаан авч...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг төлбөртэй тараасны араас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орж ирлээ.

Лондоны металл биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд Олон улсын аудитын байгууллагаар санхүү, татварын баталгаажуулалтыг жил бүр хийлгэж, татварын хяналт шалгалтад тухай бүр хамрагдан зөрчилгүй ажиллаж ирсэн. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нэг асуудлаар дахин дахин шалгаж байгааг холбогдох байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд явцуу сонирхолд ашиглагдаж байна гэж үзэж байна.

Хууль бус явуургүй ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Ардчилсан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан, хуулийн үндэслэл бүхий нотолгоонд суурилан үнэн зөвийг тогтоохдоо Ардчилсан Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг дээдлэн ажиллана гэдэгт итгэж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 187.111.24.202
    2024/04/15

    ХУЛГАЙЧ БҮХЭН БИ ХУЛГАЙЧ БИШ ГЭДЭГ.

    Хариулах
  • 202.9.40.58
    2024/04/14

    Гадаадаас зээл авч байж үйлдвэрийг босгосон гэж дуулсан. Хэн ч ашиглахгүй байсан овоолгыг эрсдэлд өртөн байж босгосон нь харин ч сайшаалтай бус уу?. Өөрөө юу ч бүтээхгүй байж бусдыг үзэн яддаг атаархуу зангаасаа салж байж л Монгол маань дэвжих байх даа...

    Хариулах
  • 43.242.243.239
    2024/04/13

    Уучлаарай хаягдал биш шүү монголын ард түмний үүц байсан түүнийг нь 2 хүн идэж байна

    Хариулах
  • 103.57.92.243
    2024/04/13

    МОНГОЛЫН НИЙТ АРД ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ЭЛБЭГДОРЖ ЦАГААН ХОЁР ЛУЙВАРДСАН

    Хариулах
  • 211.118.150.223
    2024/04/13

    Хэдэн жилийн өмнө энэ компаны тухай зурагтаар үзээд физикийн багшийн хувьд технологий нь хараад хавтгай листэн зэс гаргаж байхыг үзээд бахархаж байсан шүү эцсийн бүтээгдэхүүн биш ч гэсэн манай Эрдэнэт үйлдвэр баяжмалаа ийм болгочихвол өртөг нь нэмэгдэнэ дээ гэж бодогдсон Манайхан хувийн хэвшлээ хэнийх байх нь хамаагүй дэмжээсэй

    Хариулах