ДУНДГОВЬ АЙМАГ ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО

Х.Есү
2024/04/02

Дундговь аймаг 2008-2020 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын эзэмшлийн байранд Түр хамгаалах байрны үйл ажиллагаа явуулж, хохирогчдод үйлчилгээ үзүүлж байгаад 2020 онд тус байр зарагдсан байна. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг Улаанбаатар хот дахь Хүүхэд Хамгааллын 108 утасны дэргэдэх “Түр хамгаалах байр”, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байруудад зөөвөрлөн үйлчилгээ үзүүлж иржээ.

 

Иймээс тус аймаг 2023 онд Түр хамгаалах байрны 250,0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэснээр Түр хамгаалах байртай болж, уг байранд 2 нийгмийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа  эхэлж, хоёр сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг орон нутагтаа үзүүлж байна.

 

Цаашид түр хамгаалах байрны үйл ажиллагааг тогтворжуулах, үйлчлүүлэгчдийн тохь тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт тавьж, ажлын хэсэг тус байрны үйл ажиллагаатай танилцан тагт болон цонхны хамгаалалт хийх зэрэг тулгамдсан асуудлын талаар тооцооллыг гарган аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах ажээ.

 

Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид хамгааллын хариу үйлчилгээ, нийгмийн халамж, хууль зүйн туслалцаа,  эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулснаар тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна