Хариуцлагагүй уул уурхайгаас сүйдсэн 187 га газрыг нөхөн сэргээх гэрээ үзэглэлээ

Х.Есү
2024/04/11

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс үйл ажиллагааныхаа 20 жилийн ойн хүрээнд салбарын ололт амжилт, алсын харааг хэлэлцэх зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ өдөр “Оюу толгой” компани, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай Дархан-Уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Тус гэрээний хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, сүйдсэн 187 га орчим газрыг “Оюу толгой” компани, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд нөхөн сэргээх юм. Тус гэрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б. Оюунсанаа, Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г. Батбаяр нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Бид Ерөө сум ямар нөхцөлтэй болсон байсныг, тус талбайг “Оюу толгой” компани хэрхэн нөхөн сэргээснийг харлаа. Үүнээс бидний эх дэлхийдээ хандах хандлага хариуцлагатай болон хариуцлагагүй гэсэн хоёр янзаар илэрч буйг харж болно. Өнөөдөр бид уул уурхайг Оюу толгой шиг, Эрдэнэт шиг, Эрдэнэс Тавантолгой шиг байх хэрэгтэйг ойлгуулснаар хариуцлагатай уул уурхайн жишгийг олон нийтэд таниулах юм. Өдгөө бидэнд маш олон тулгамдсан асуудал байна. Тэр дундаа орон нутгийнханд хамгийн их хор нөлөөтэй уршиг ч байна. Тиймээс цаашдаа хохирдог биш хождог уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч бодлогын олон баримт бичигтээ өөрчлөлт оруулж байна.”

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх бичил уул уурхайн улмаас эвдрэлд орсон 400га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийн, орон нутагт хүлээлгэн өгсөн юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна