Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны стандартчилал, хэмжил зүйн холбогдох байгууллагууд олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд Монгол Улсын энэ салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон билээ. Мөн стандартчилал, хэмжил зүйн салбарын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйг дурдаад, ийнхүү хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг дурьдсан юм.
Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын стандартчилал, хэмжил зүйн салбарыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэн ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-тай ойр дотно хамтран ажиллахыг зөвлөв.
Энэ уулзалтын үр дүнд Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдыг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах, мэргэшүүлэн чадавхижуулах, хэмжлийн лабораториудын техник, тоног төхөөрөмжийн чадамжийг шинэчлэн сайжруулах, ОХУ-ын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, Стандарт, хэмжил зүйн газраас ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-д албан хаагчдыг илгээн туршлага судлуулахад бодитой дэмжиж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна