Хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах хүрээнд 34 хороо, 300 СӨХ, аж, ахуй нэгж, байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриаллаа

Zuv.mn
2024/04/01

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн нар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах, бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан,

  • 1-34 хорооны Засаг дарга, Олон нийтийн байцаагч нар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хариуцсан “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ” ХХК, “Гранд зевс” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК-ийн удирдлагууд, Хог тээвэрлэлт хариуцсан “Тамир Эко” ХХК, Сайхан талын дэнж, ХХК, “Ачлалт Мөргөцөг” ХХК-ийн захирлууд,
  • 34 хорооны Засаг дарга, хороодын Ажлын алба болон 278 хэсгийн ахлагч,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга, удирдлагуудтай тус тус Шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Шуурхай хуралдааны үеэр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, түүвэр хог цэвэрлэгээ, хог ачилтыг сайжруулах талаар санал солилцож зарим арга хэмжээг авахаар боллоо.  
Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа цэвэрлэж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцална 


Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хот нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор 34 хорооны 17 хороог хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд дээрх ААН-үүд 4-р сарын 1-ээс гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд хариуцсан хорооддоо хог ачилт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд 100 гаруй зам талбайн үйлчлэгч, 40 гаруй машин техник нэмэгдэж байна. Иймд өнөөдрийн хурлаар хороодын Засаг дарга болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон хог тээвэр хариуцсан компанийн удирдлагуудад ямар компани аль зам талбайг хариуцаж ажиллах, хороодын Засаг дарга нар болон олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар хэрхэн ямар үүрэг хүлээх, яаж хяналт тавьж ажиллах талаар нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө.


Мөн 34 хороонд хур хогийн цэг үүсдэг байршлууд, хогийн асгуурын хүрэлцээ, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлын талаар нээлттэй ярилцаж мэдээлэл солилцлоо. Улмаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэрлэлт хийх ААНБ-ын хог ачилтын хуваарийг хороод болон ААНБ-ууд, СӨХ-дод  ил тод болгох, зарим байршлуудад хогийн асгуурыг томруулах, хог ачилтын рейсийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авахаар боллоо. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа тэр дундаа Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө зэрэг томоохон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг ч ажлаа сайн хийж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцлах, хариуцсан зам талбайн хэмжээг багасгаж өөр байгууллагад гэрээгээр шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар боллоо.
ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллана

Дүүргийн 34 хорооны 278 хэсгийн ахлагчтай мөн уулзалт зохион байгуулж, хариуцсан хэсгүүддээ байгаа хогийн цэгүүдийн мэдээлэл, юунаас болж хог үүсэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээлэл солилцож, энэ талаар дүүргээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэдээллүүдийг өглөө.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан хариуцсан хэсэг дээр нь үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллах, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарын байршлын мэдээллийг хорооны Засаг дарга нар болон дүүрэгт ирүүлэх, Мөн хэсгийн ахлагч болон олон нийтийн байцаагч нарыг хот нийтийн аж ахуйн ажилд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
ААНБ-ууд болон үйлчилгээний газрууд их хэмжээний хог хаяснаас хур хогийн цэг үүсэж байна гэв

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга нартай дүүргийн Засаг дарга уулзаж, дүүргээс зохион байгуулж буй 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээний аянд идэвхтэй оролцох. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, хайс хашааг угааж цэвэрлэх  байрны орц, хаалга үүдээ угаах зэрэг ажилд оршин суугчдаа идэвхтэй оролцуулахыг уриаллаа. Мөн хог тээврийг сайжруулах болон хогийн цэг үүсдэг байршлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр СӨХ-ны удирдлагууд сүүлийн үед баригдсан байрны доод давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон үйлчилгээний газрууд хог хаягдлаа оршин суугчдын хогийн асгуурт хаядаг. Хог ачилтын компаниуд хэдийгээр хугацаандаа хогоо ачдаг ч ААН-үүд их хэмжээний хог хаяснаас болж хур хог үүсэх нөхцөл байдал бүрддэг гэдгийг онцолж дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авахыг хүссэн юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна