UNICEF албан ёсны цахим хуудастаа Монголын боловсролын салбарыг онцолжээ

Zuv.mn
2024/09/18

Боловсролын салбар хүнд сорилттой тулаад байгаа энэ үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан UNICEF/ манай улсыг онцолж, албан ёсны цахим хуудастаа мэдээлэл бэлтгэн оруулжээ. 

"Боловсролыг шинэчлэх цаг: Монголын гэрэлт ирээдүйд хүрэх зам" гарчигтай уг нийтлэлд туссан санааг товчлон хүргэж байна. 
Боловсролын салбарын сорилт нэг улсад тохиолдоогүй
Дэлхийн боловсролын салбарт одоо урьд өмнө тохиолдож байгаагүй бэрхшээл учраад байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 84 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүйд хүрнэ гэсэн болгоомжлол байна. 
Дэлхий нийтийг хамарсан энэхүү таагүй төлөв нь боловсролын хүртээмж, чанар тааруу Монгол зэрэг улс орнуудад боловсролын салбартаа иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай.
Шинэчлэлд НҮБ-ын Хүүхдийн сан үүрэг гүйцэт гэх ёстой
Тус сангаас Монгол Улсын боловсролын салбарт ахиц дэвшил байгааг /Нийт хүүхдийн 97 хувь нь бага сургуульд хамрагддаг гм/ дурдсан ч сургалтын чанар муу байгаа гэдгийг тодорхой баримттайгаар дурдаад, тиймээс шинэчлэл зайлшгүй хийх ёстойг онцолжээ. Мөн энэхүү шинэчлэлд НҮБ-ын Хүүхдийн сангийн үүрэг оролцоо өндөр байх ёстой гэдгийг манайд хэрэгжүүлсэн зарим хөтөлбөрийн үр дүнтэй холбон илэрхийлсэн байна. 
Тодруулбал, математик, унших чадвар сайжруулах хөтөлбөрийг зургаан аймаг, хоёр дүүргийн 3-5 дугаар ангид явуулахад сэтгэл ханамж 78-89, унших чадвар 64-81 хувь хүрч өссөн гэнэ. 
Мөн "Таблеттай багш" хөтөлбөрийг 13 аймгийн 3000 багшийг хамруулан хэрэгжүүлж байгаа гэдгээ дурджээ. Мон бүх сургуулийг интернэтэд холбох GIGA санаачилгын чухлыг онцолсон байна. 
Түүнчлэн, 2023 оны байдлаар 36,000 хүүхэд жил бүр 9 сар шахам гэр бүлээсээ хол дотуур байранд амьдарч байгаа асуудалд анхаарч, Боловсролын яам болон холбогдох түншүүдтэй хамтран сургуулиудыг хүүхэд, гэр бүлд ойртуулах зорилгоор “Нэг баг-Нэг сургууль” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь Боловсролын яамны “Миний дэргэд байгаа сайн сургууль” үзэл баримтлалтай бүрэн нийцэж байна гэжээ. 
Мөн асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам нь багш нарын үнэлэмжийг өсгөх явдал гэж үзжээ. Тодруулбал "Оюутан сурагчдад чанартай боловсрол олгоход ур чадвартай, урам зоригтой багш нар зайлшгүй шаардлагатай. Ийм сурган хүмүүжүүлэгчдийг татахын тулд өрсөлдөхүйц цалин хөлс, карьераа хөгжүүлэх боломж, ажлын нөхцлийг сайжруулах зэрэг олон талт стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэсэн байна. 
Бичигч нийтлэлээ "Монгол Улс шинэлэг хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж, боловсролын цоорхойг нөхөж, дижитал өөрчлөлтийг хэрэгжүүлснээр дэлхийд хүчирхэг үлгэр жишээ үзүүлэх боломжтой. Цаашид хийх аялал нь хэцүү байж болох ч бид тууштай, тодорхой алсын хараатай байж чадвал 21-р зуунд Монгол Улсын хүүхэд бүр амжилтанд хүрч, хөгжих боломжийг баталгаажуулж чадна" гэж төгсгөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна