Яаралтай түргэн тусламж-Яармагийн шинэ гүүр

Х.Есү
2 цаг 17 минутын өмнө

Яармагт яг юу байна вэ?

Орон сууц, айл өрх, бас цөөн тооны худалдаа үйлчилгээний газар.

Харин эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага бүгд хотын төвд. Өөрөөр хэлбэл, нийгмийн үйлчилгээний эрэлт хэрэгцээний хэт төвлөрөл тэнд үүссэн. Ямар гэгчийн “толгой” ийм төлөвлөлт хийдэг байна аа? Нээрээ бараг толгойгүй явж ирсэн дээ, манай Улаанбаатар.

Угтаа бол нийслэлийн төвлөрлийг сааруулах гэж Яармагт суурьшлын бүсийг тэлсэн биз. Гэхдээ галзуу хүмүүс цаасан дээр буулгаж хөөрхий оюуны хомсдолтой дарга нараар хүчээр гарын үсэг зуруулсан нь гарцаагүй. Тийм биш бол тэнд ганц ширхэг улсын сургууль барихаа ямар ч тэнэг дарга мэднэ.

Эсвэл, биднийг албаар тамлах гэж, дараа нь тавлах гэж ийм төлөвлөлт хийсэн байх.  Ганц яармагийг ч биш энэ хотыг бүхэлд нь тийм санаа зорилгоор ийм байдалтай болгосон юм шиг санагдана. Яармагийн түгжрэл эхэндээ цус өтгөрлийн шинж тэмдэг төдий байлаа.  Арга хэмжээ авсангүй. Харин сүүлийн жилүүдэд нөхцөл байдал хүндэрч судас бөглөрч, цус харвах хэмжээнд хүрсэн.  Өтгөрсөн цус, нарийссан судас! Эмч нар харин гараа үл хөдөлгөсөөр өдийг хүрчээ.

Ирэх өвөл яах бол гэсэн түгшүүр. Ид хүйтнээр “тэг зогсолт” төсөөлсөн зовуурь. Хараал ерөөл, хэрүүл уруул, уур бухимдал төрөв. Хайран цаг хугацаа, бензин тос, хамаг “нерв” барав.

Юутай ч анхны цаснаас урьтаж Яармагийн шинэ гүүрийг өчигдөр нээлээ. Харвах дөхсөн өвчтөнд энэ бол эхний яаралтай “түргэн тусламж” мөн. Арай ч зам дээр хонохооргүй болчих шиг боллоо. Яармагийнхан минь уртаар амьсгаа ав!

Нийт зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай 2,4 км урт гүүрээр хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл зорчино. Цус бага ч гэсэн шингэрэх байх гэж найдах юм.  Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл 20 орчим хувиар буурах тооцоолол гарсан бололтой. Яармагийнхан санаа алдав. Итгэж ядсан ч горьдлого тээсэн харц!

Одоо дараагийн шатны эмчилгээгээ яаралтай хийхгүй бол энэ шинэ гүүр ч гэсэн удахгүй чинэрсэн судас болно Х.Нямбаатар дарга аа. Сэхээнд орсон өвчтөнөө тоодоггүй сэтгэлгүй эмч лугаа адил дарга нар Улаанбаатарыг ийм болгосон.

Харин одоо нийслэлчүүдийн горьдлого тээсэн харц энэ цаг үед тань дээр “фокуслаж” байна “Нямба мэйер” ээ!

Мэдээж сонгууль эхэлсэн учраас нэг талд шүүмжлэл ширүүсэж байна. Харин нөгөө талд Улаанбаатар одоо л нэг толгойтой болох гэж байгаа мэт мэдрэмжийг хүмүүс мөрөөсөж байна. Улс төрийн дайралтууд дундуур урагшаа зүтгэх махруу зан танд байгааг бид харлаа Х. Нямбаатар аа. Харин сэтгэл дутсан нийслэлийг сэвхийтэл өргөх тэнхээ танд байна уу?

Улаанбаатарын өвчнийг та оношилж чадсан бол эмчлэх жорыг тань бид харъя.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна