С.Амарсайхан хангайн бүсийн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав

Т.Отгонсувд
2024/10/08

Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч бямба гаригт Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллаж “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцлаа.

Өнгөрөгч өвөл Өвөрхангай аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудтай байснаас гадна хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өртжээ.

 Иймд УОК-ын даргын хувьд Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгох шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргалаа. Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, Аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп шийдвэрлэв.

Баянхонгор аймгийн тухайд өнгөрөгч өвөл 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн өндөр эрсдэлтэй байжээ. Өнөө жил ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

 Тэрбээр Баянхонгор, Архангай аймгийн өнгөрөгч өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлж аймгийн Онцгой комиисст тус тус 100 сая төгрөг шийдвэрлэв.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа, тооцоолол гарсан. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцлоллоо.

Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж буйг тэрбээр мөн танилцууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна