Жижиг дунд үйлдвэрийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгүүлэхээр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан гэрээ өнгөрөгч амралтын өдөр ил боллоо.
Ил болсон баримтаар, Жижиг дунд үйлдвэрийн газар дээр дурдсан үйлчилгээг авахаар 10 байгууллагатай 1,782,000,000 төгрөгийн гэрээ байгуулжээ.
Үүний талыг нь буюу 900,000,000 төгрөгийг "Нэйшнл сошл медиа" ХХК, Такт ХХК гэсэн хоёр компани 500 сая, 400 саяар нь авсан байна.
Гарчигт бичсэнчлэн, "Шинэ хоршоо" хөдөлгөөн үндсэн зорилгоосоо хазайж, төсвөөс мөнгө гадашлуулах буюу шууд хэлэхэд иргэдийн төлсөн татварын мөнгийг завших арга хэрэгсэл болж хувирсан уу гэх эргэлзээ эндээс эхтэй.
Эргэлзэх шалтгааныг дурдвал, нэгдүгээрт, гэрээний үнийн дүн хэт өндөр байна.
Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтарч ажиллах нь хэвийн үзэгдэл. Гэрээний хугацаа янз бүр байдаг ч дээд тал нь нэг жилээр гэрээлж, дуссаных нь дараа сунгах эсэхээ шийддэг. Түүнчлэн, үнийн дүн ил болсон гэрээнүүдийн үнийн дүнгээс хэдэн арав, зуу дахин бага байдаг юм.
Хоёрдугаарт, гэрээ байгуулсан субъект нь олон ч эзэмшигч нь нэг байх магадлал өндөр байна.
Гэрээг өнгөц харвал нэр бүхий 10 хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан боловч эзэмшигч нь нэг байх магадлал өндөр байна. Тодруулбал, Х.Мандахбаяр гэдэг хүн, түүний үүсгэн байгуулсан компаниуд руу тэрбум шахам төгрөг нь гарчихсан байх магадлал харагдана.
Хамгийн өндөр дүнтэй /500 сая төгрөг/ гэрээ байгуулсан "Нейшнл сошл медиа" ХХК гэхэд 2016 онд үүсгэн байгуулагдсан, 2020 оныг хүртэл Х.Мандахбаяр ганцаараа удирдах албан тушаалтнаар бүртгэгджээ. Одоогийн удирдах албан тушаалтан М.Одгэрэл нь Х.Мандахбаярын "Эрхэт Монгол холдинг" компаниараа дамжуулж эзэмшдэг "Тв 8" телевизэд удирдах албан тушаал хашиж байсан байна.
Тус бүр 50 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан "Зиндаа ньюс", "Өглөөний сонин"-ыг мөн "Эрхэт Монгол холдинг" буюу Х.Мандахбаяр эзэмшдэг.
ЖДҮГ-ын даргын албан бичигт бичсэнээр, аль байгууллагатай гэрээ байгуулахыг ЗГХЭГ шийджээ.
Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд сонирхолтой нь, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа “Зиндаа медиа” ХХК-ийг мэдүүлэгтээ дурддаг байв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа "Дахиад нэг төрийн өмчийн компаниас шууд хийгдсэн ийм дүнтэй(тэрбум тэрбумын) хэвлэлийн гэрээ байгаа. Нүүрсчинг гөвөхгүй байх, нүүрсчинг илчилсэн улс төрчийг гөвөх гэдэг ам нөхцөлтэй" хэмээн бичжээ.
Эндээс харвал төсвийн асар их мөнгө ,хэвлэл гэх нэрийн дор хэдхэн хүний компани руу шилжсэн байх болзошгүй байна.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний тухайд, 500 орчим сая төгрөгийн зээл олгогдсон, үр дүнгийн талаар ярих одоохондоо эрт. Гэсэн ч өрхүүд хуурмаг байдлаар буюу цаасан дээр нэгдэж хоршоо байгуулан зээл авчихаад, тэрхүү мөнгөө "Амь амиа даана шүү" гэх тохироотойгоор хувааж авч байгаа гэх зэрэг ирээдүйд нь эргэлзмээр мэдээлэл бидэнд ирсээр буй. Эхний дүнг ирэх өвөл тавих учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.63
мандахбаяр гэж хүмүүстэй нийлж идэж дуусахгүй новш юм даа төр түүнд өртэй юм уу шоронжсон муу новш занданшатартай нийлж иддэг биз дээ
Хариулах202.70.44.46
Татвар төлөгчдийн мөнгө хайран биш гэж үү
Хариулах103.87.255.66
жижиг дунд үйлдвэрийнхэн хахаж цацсан баячууд байдаг биздээ.
Хариулах