Ирэх сарын 8-наас автомашины дугаар олголтыг хязгаарлаж тодорхой шаардлага хангасан машинуудад л Улаанбаатарын серитэй дугаар олгохоор болсон.
Уг асуудалтай холбогдуулан бид “Авто тээврийн үндэсний төв”-ийн Циркийн салбарыг зорилоо. Биднийг очиход үүднээсээ эхлээд л бичиг цаас барьсан, манарч төөрөлдсөн, бухимдалтай иргэд биднийг угтав.
Иргэд Улаанбаатарын серитэй дугаар авахаар бүгд 2-3 цаг зарим нь бүр хоёр өдөр дугаарлажээ. Гэвч системийн гацалт, шинэ дугаарын нөөцөөс шалтгаалан ачаалал эрс нэмэгдсэн байлаа.
ИРГЭД: Төр дандаа иргэдээ бодоогүй шийдвэр гаргах юм
Урт дараалалд зогсох иргэн А-гаас бид нөхцөл байдлын талаар хэдэн зүйл тодрууллаа.
Иргэн А: “Би дугаар авах гээд өглөөнөөс хойш гурван цаг оочирлож байна. Да хүрээ явах гэсэн боловч тэр салбар нь хоёр өдөр амардаг учраас ийшээ ирэхээс өөр арга байсангүй. Энд ирэхээр систем гацчихлаа гээд дугаар олгохгүй юм. Систем нь хэзээ зүгээр болох вэ гээд асуухаар мэдэх хүн ер алга.
Яах вэ УБ серитэй дугаар олголтыг багасгавал түгжрэл буурахад нөлөөлнө гэж бодож байгаа л байх.
Гэхдээ төр дандаа иргэдээ бодохгүй хөгийн шийдвэр гаргах юм. Шийдвэрийнх нь үйл лайгаар хэзээ дугаараа авахаа мэдэхгүй оочирлоод зогсож байна даа. Нэг ёсондоо хүний эрхэнд халдаад байна даа” гэлээ.
Иргэн Э: “Гэнэтхэн л УБ серитэй дугаар олгохоо болино гэхээр нь санд мэнд ирсэн минь энэ. Гэтэл одоо байгаа царайг нь хар. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бол Да хүрээ битүү оочиртой байсан шүү дээ. Дээдчүүлийн гэнэтийн шийдвэрийн лайг иргэд бид л амсаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт дугаарын нөөц дууссан учраас дугаар олгохгүй гэж хэлсэн. Харин өнөөдөр өнөөх систем нь гацчихсан. Яасан улс гэхээрээ ийм байдаг юм. 11 сарын 8-наас хойш таван шаардлага хангасан машинд УБ серитэй дугаар олгох юм гэсэн. Үнэндээ тэр шалгуурт нь нийцэх машин манай Улаанбаатарт ховор шүү.
Одоо тэр шалгуурын асуудал дээр нь хэн арын хаалгатай, хэн тэр салбарт ажилладаг таньдаг хүнтэй байна тэр нь хожно. Ингээд авлига хээл хахуулийн асуудлаа улам бүр даамжруулж байгаа юм” гэлээ.
АТҮТ: Иргэдийн ачаалал өмнөх өдрүүдийнхээс 40 хувиар нэмэгдсэн
Автомашины дугаар олголтын хязгаарлалт тогтоох болсонтой холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс салбарын ачаалал хэр нэмэгдсэн талаар тодрууллаа.
“АТҮТ” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг: Ер нь жирийн өдрүүдэд Нийслэлээс гарсан шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 импортын бүртгэл хийгддэг байсан. Импортын бүртгэл жил болгон 10-15 хувийн өсөлттэй явдаг байсан. Нийслэлээс гаргасан шийдвэрийн хүрээнд энэхүү импортын бүртгэл 35-40 хувиар нэмэгдсэн. Тухайлбал өнгөрсөн дөрөв дэх өдөр гэхэд 1300 тээврийн хэрэгсэл, тав дахь өдөр 1700 тээврийн хэрэгсэл, амралтын өдрүүдэд мөн адил хэмжээний тээврийн хэрэгсэлд импортын бүртгэл хийгдсэн. Өчигдрийн байдлаар 550 тээврийн хэрэгслийн импортыг бүртгэсэн.
Энэ бол зөвхөн нийслэлд бүртгэсэн нийт импортын тоо. Үүний хажуугаар орон нутгаас нийслэл рүү ирж байгаа шилжилт хөдөлгөөн байдаг. Энэ шилжилт хөдөлгөөн мөн 5-10 хувийн өсөлттэй байна.
Амралтын өдрүүдэд систем гацсан болоод дугаарын нөөцийн асуудлаас хамаарч нэлээн ачаалал үүссэн” гэлээ.
Ийнхүү иргэдийн уур бухимдлаар дүүрэн ачаалалтай АТҮТ-ийн нэг өдөр өнгөрөх нь энэ. Иргэд нь УБ серитэй дугаараа авч чадахгүй олон цаг оочирлон хүлээж байх энэ үед нөгөө талд УБ серитэй дугаар шаглан зарж байгаа хэсэг нөхдүүд байлаа.
Цахим орчинд “УБ серитэй дугаар зарна. Алтан, мөнгөн азын дугаарууд байна” хэмээх зар хөвөрнө. Утсаар холбогдож дугаарын үнийг асуутал, хамгийн доод тал нь 500 мянган төгрөгөөс эхэлнэ. Дугаарын дээд үнэ хоёр сая төгрөгт хүрчээ.
Хэрэв та тухайн автомашины эзэмшигч нь мөн л бол хуулийн дагуу танд өөрийн тань нэр дээр байгаа автомашины тоогоор дугаар олгох ёстой. Зарим хүмүүс үүнийг ч далимдуулан олон дугаар авч, түүнийгээ дамлан зарж байгаа байдал нь энэ.
Нийслэлийн удирдлагууд ч мөн ийм дамын наймааны асуудал үүсэхийг тооцоолж үзсэн л байх. Гэхдээ нэг талаараа үнэгүй олгодог дугаарыг дамлан, шаглан зарж байгаа эдгээр нөхдүүдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх дүрэм журам байхгүй. Тэд өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслээ бүртгүүлэн улсын дугаараа авсан нь энэ. Үүнд чи илүү дугаар авч дамлан зарлаа гэх асуудал яригдах нь өрөөсгөл юм. Гэхдээ дүрэм журамгүй гээд үнэгүй олгодог дугаарыг алт мөнгөөр нь ялгаж үнэд хүргэн зарж болохгүй.
Ийнхүү бидний дугаар олголттой холбоотой бэлтгэсэн мэдээ сурвалжилга иргэд болон нөгөө талын байр суурийг тэнцүү хүргэснээр дуусав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.169
Зиа хөөрхий ийнхүү мэргэн түргэн төр минь түгжрэл гэдэг мангасыг алчихлаа сайхан даа.УБ серийн дугаарын шагын үнийг ийнхүү дэмжин дэлгэрүүлсэн төр засагтаа баяраллаа
Хариулах