ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх асуудал яригдана

Zuv.mn
2024/11/06

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайлангийн үеэр олон асуудал хөндөгдсөний дотор Эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа дийлэхгүй болсон тул шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй бол ачааллаа дийлэхгүй болсон тухай байв. 

Нийгмийн даатгалын сан алдагдалтай болсон нь шимтгэлийн бааз суурь буюу ажил, орлоготой иргэдийн хувь бага байдагтай холбоотой бол Эрүүл мэндийн даатгалын тухайд хамрагдалт 92 хувь буюу харьцангуй өндөр байдаг. Гэсэн ч ачааллаа даахгүй байгаа нь төрөөс үзүүлэх тусламжийн төрөл их, хамрагдалт өндөр байгаатай холбоотой аж. Тодруулбал, өндөр өртөгтэй буюу эрхтэн шилжүүлэх хагалгааны зардлын ихэнх хэсгийг ЭМДС хариуцдаг болсонтой холбоотой аж. Түүнчлэн, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэлт их байгаатай холбоотойгоор ЭМДҮЗ-өөс анхан шатны тусламж үйлчилгээнд илүү анхаарч, зардал хуваарилсантай холбоотойгоор анхан шатны тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Тодорхой тоо баримт дурдвал, 2022 онд 1,5  сая иргэн эрүүл мэндийн анхан шатны тусламж авсан бол 2023 онд 2.2 сая болж нэмэгдсэн байна.

Тиймээс одоо дөрвөн хувь байгаа шимтгэлийн хувь хэмжээг зургаан хувь хүртэл нэмэгдүүлэх, зарим өвчний төлбөрийг өвчтөн өөрөө хуваалцдаг болох, цаашлаад одоо ажил орлоготой байгаа хүмүүсийн төлсөн шимтгэлийг хуваарилдаг эв хамтын тогтолцооноос аажмаар татгалзах хүртэл бодлогын шийдэл хайх шаардлагатай болж байгааг оролцогчид онцолж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна