Төрийн банк БОУАӨЯ-тай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Х.Есү
2024/11/30

Төрийн банк болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. 

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулсан байна. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Тус санамж бичгийг байгуулснаар талууд хамтран байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад чиглэсэн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, банкны тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг тэлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа. 

Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

 

                                                                       Итгэл төгс Ногоон ирээдүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна