МЕГА ТӨСЛҮҮД: Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах Кокс-Эрчим хүч, Кокс-Хими, Нүүрс-Химийн үйлдвэр

Х.Батсайхан
3 цаг 25 минутын өмнө

Мэдээллийн Зөв.мн сайт Монгол Улсын Засгийн газраас "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад Тавантолгойн ордыг түшиглэн баригдах Тавантолгой ҮТП буюу Кокс-Эрчим хүч, Кокс-Химийн үйлдвэр, Багануурт баригдах Багануур ҮТП буюу Эрчим хүч-Нүүрс-Химийн цогцолбор үйлдвэрийн төслийг танилцуулж байна.

                Химийн үйлдвэрийн онцлог, давуу тал, амжилттай хэрэгжүүлсэн туршлага

Эдүгээ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, эдийн засаг, улс төрийн нөлөөгөөрөө манлайлж буй улс орнуудын хөгжлийн нууц нь Аж үйлдвэрийн хувьсгалыг бусдаасаа түрүүлж хийн, өндөр технологийг эзэмшсэнд оршдог билээ. Тэгвэл тэрхүү өндөр хөгжлийг бий болгосон үйлдвэрийн салбар дотроос улс орны хөгжилд хамгийн өндөр хувь нэмэр үзүүлдэг нь химийн үйлдвэр байдаг.

Нээлттэй эх сурвалжид химийн үйлдвэр хөгжүүлэхийн ач холбогдлыг Германы жишээн дээр тайлбарласан нь олон байна.

Тодруулбал, дайнд ялагдаж, дааж давшгүй төлбөрт унан гипер-инфляцид идэгдсэн Герман орныг А.Хитлер богино хугацаанд хөл дээр нь босгож, улмаар эзлэн түрэмгийлэл эхлүүлэхээр зориглосны нууц нь химийн үйлдвэрийн хөгжил байсан гэх бөгөөд хэрвээ дайн өдүүлээгүй бол маргаангүй, өнгөрсөн зууны хамгийн аугаа удирдагчаар нэрлэгдэх байсан гэсэн байх юм. 1940-өөд оны үед дэлхий дээр байсан бүх химийн үйлдвэрийн 50 хувь нь ганц Германд байсан бөгөөд чухам энэ үзүүлэлт, давуу байдал нь дахин эзлэн түрэмгийлэл явуулах зориг, итгэлийг өгсөн гэсэн байна.  

Бодисын хувилах хязгааргүй боломжийг ашиглаж, нэг нийлмэл түүхий эдээс олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байдагт химийн үйлдвэрлэлийн давуу тал оршиж байдаг. Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болох Нүүрс-Эрчим хүч, Кокс-Хими, Нүүрс-Химийн цогцолбор бусад химийн үйлдвэрүүдийн нэг адил энэ шинжийг хадгалж байна.

                        “ТАВАНТОЛГОЙ ҮТП” КОКС-ЭРЧИМ ХҮЧ, КОКС ХИМИЙН ҮЙЛДВЭР

Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэсэн Нүүрс-Эрчим хүч, Кокс-Химийн үйлдвэрийн төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнөөдрийн байдлаар жилд 20 орчим сая тн коксжих болон эрчим хүчний нүүрс олборлож байгаа бөгөөд жилд 10 сая тоннын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулсан. Кокс-Эрчим хүч, Кокс-Химийн үйлдвэр байгуулах суурь нөхцөл ийнхүү хангагдсан байна. Тодруулбал, мега төсөлд багтсан Кокс-Эрчим хүч, Кокс-Химийн үйлдвэр нь Засгийн газраас дэвшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг юм.


Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, тоо хэмжээ, ашиглалт

Кокс-химийн үйлдвэрийн нүүрс баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3.0 сая тонн завсрын бүтээгдэхүүн /мидлинг/ үйлдвэрлэнэ. 

Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно. 

Кокс эрчим хүчний үйлдвэр

-Баяжуулах үйлдвэрээс гарсан 2.3 сая тонн нүүрснээс 2.0 сая тн кокс, үүнд

-80–25 мм-ийн хэмжээтэй 1.7 сая тн

-25–10 мм-ийн 308.9 мян.тн;

-<10мм-ийн 20.6 мян.тн металлургийн кокс үйлдвэрлэнэ.

-Коксын бүтээгдэхүүнийг Дархан ҮТП-ийн төмрийн үйлдвэрт түүхий эд болгон хангаж, экспортолно.

-Кокс үйлдвэрлэх явцад ялгарсан хий, давирхай зэрэг дайвар бүтээгдэхүүнийг ашиглан 886 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Төвийн бүсийн ЭХС-д нийлүүлнэ.

Кокс-химийн үйлдвэр

- 2.0 сая тн кокс

-80–25 мм-ийн хэмжээтэй 1.67 сая тн кокс

-25–10 мм-ийн 190.5 мян.тн;

-<10мм-ийн 12.5 мян.тн металлургийн кокс үйлдвэрлэнэ.

-Коксын бүтээгдэхүүнийг Дархан ҮТП-ийн төмрийн үйлдвэрт түүхий эд болгон хангаж, экспортолно.

-327 сая Н.м3 хий

-60 мян.тн давирхай үйлдвэрлэнэ,  

-Хий болон давирхайг цаашид гүн боловсруулалт хийж 18.8 мян.тн битум, 12 мян тн бензин, 35.5 мян тн дизель, 100 мян. тн аммиакийн шүү үйлдвэрлэнэ.

Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ. 

                          “БАГАНУУР ҮТП” ЭРЧИМ ХҮЧ-НҮҮРС-ХИМИЙН ЦОГЦОЛБОР

Түүхий нүүрсний хэрэглээнээс хагас коксон түлшид шилжих шилжилтийг хийхэд гол үүрэг гүйцэтгэх, олон улсын жишигт нийцсэн, өндөр технологид суурилсан энэхүү цогцолбор үйлдвэр Нийслэлийн Багануур дүүрэгт, Багануурын нүүрсний ордыг түшиглэн баригдахаар төлөвлөгдөөд байна.

Одоогоор ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөө бэлэн болж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна.  Ингэхдээ цогцолбор үйлдвэрт ашиглагдах Нялга-Чойрын сав газрын хүрэн нүүрсний шинж чанарт тохирсон,  байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, өндөр технологид түшиглэсэн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Нүүрс-химийн үйлдвэр байгуулагдсанаар жилд нэг сая тонн хагас кокс, дайвар бүтээгдэхүүн болох нийлэг хий, нам болон дунд температурын нүүрсний давирхай үйлдвэрлэнэ. Эдгээр үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар устөрөгч, нафта (шууд нэрлэгийн бензин), дизель түлш, нийлэг байгалийн хий (SNG), меанол, диметилийн эфир (DME), олефин зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Үйлдвэр баригдсанаар эрчим хүч, хатуу, хийн болон шингэн түлш, аж үйлдвэрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орчны бохирдол бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд голлох нөлөө үзүүлнэ.

Уурхайн техник тоног төхөөрмжийг сайжруулж, уул геологийн ажлыг эрчимжүүлснээр олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 

Бид манай мурд хөрш БНХАУ "Багануур ҮТП"-тйа ижил төрлийн Нүүрс-Химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгалийн хийн хэрэглээнд шилжих үе шатыг амжилттай давсан туршлагаар сонирхолтой нийтлэл бэлтгэсэн бөгөөд ирэх долоо хоногт уншигчдадаа хүргэх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна