Дорнын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймагт "Монгол эв нэгдэл" төсөл амжилттай хэрэгжин худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны талаар санал бодлыг нь сонслоо.
Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд аймгийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулан, холбоонд гишүүнээр элсэж байв.
Түүнчлэн төслийг дэмжигч, Дөрвөн Улсын Гавьяат С.Жавхлан Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар сэтгэлд хоногшсон дуу хуураа өргөн барьж, "Гавьяатын найр" тоглолтоо үнэ төрбөргүй толилуулсанд Дорноговь аймгийнхан талархал илэрхийлж, нутгийн сүлд дуугаа нулимс мэлтэлзүүлэн, сэтгэл нэгтэйгээр огшин дуулж байсан юм.
Монголчуудыг нэгтгэх, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийд таниулах, Монгол хүн Монголоо гэсэн үнэт үзлийг бий болгон, хамтдаа хөгжиж, олноороо нэгдэж, эх орноо хөгжүүлэх зорилгыг энэ төсөл ойлгуулж байна. Өнөөдрийн байдлаар уг төслийн багийнхан Говьсүмбэрт ирсэн бөгөөд тус аймгийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг "Монгол эв нэгдэл" төслийн танилцуулга нээлтэд 17 цагаас өргөнөөр оролцохыг урьж байна.