Хаврын МОРИН УРАЛДААН: Дундын шийдлийг олох шаардлага

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 19 минут

Түүх сөхвөл, Өвлийн морин уралдааныг хориглох тогтоол 2019 оны нэгдүгээр сарын 30-нд гарчээ. Хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд нь "Хүүхэд л унахгүй бол хавал морь уралдуулж болох" агуулгатай тогтоол гаргасан байснаа залруулж, бүрмөсөн хориглосон нь тэр. Эхлээд насанд хүрэгчдээр унуулахыг зөвшөөрснөө хэд хоногийн дараа гэнэт хатуурхсаны учир тодорхойгүй. Гэхдээ, Монголын төр өмнө нь "Хаврын" гэх нэртэй  ч өвөл болдог морин уралдааныг хориглох бус, хүүхдээр унуулахыг хориглох талдаа бодлого явуулж ирсэн ч уяач, морьтой холбоотой бизнест байдаг нөхдүүд үл биелүүлж ирсэнтэй холбоотой болов уу. 

Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг 2016 онд энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шинэчлэн батлахдаа "Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох" заалт оруулсан. 

Гэвч хурдан морины бизнестэй холбоотой нөхдүүд энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Онц эрсдэлтэй нөхцөлд бага насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсээр, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулсаар байсан. Чухам тиймээс уралдааныг бүрмөсөн хориглох шийдвэр гарсан болов уу. Ингэхдээ өвөл хавар морь уралдуулах нь Монголын уламжлалд байсан эсэхийг судлуулан, "Морины уралдаан нь Монголын өв соёл мөн боловч өвөл уралдддаггүй байсан"-ыг тогтоосон нь асуудалд нухацтай хандсаныг харуулдаг. 

ТАЛЦАЛ

Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан "Монголоороо байя" морьтой жагсаал өнгөрсөн бямба гарагт болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Түүнийг хэвлэлийн бага хурал хийсний дараа Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийж, Х.Баасанжаргал гишүүнийг халз мэтгэлцээнд дуудсан байдаг.

Тэгвэл БГД-ийн иргэдийн төлөөлөгч асан Н.Энхчимэг дээрх асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Уламжлал гэж төлөвлөгөөний дагуу жагсаж буй нөхөд өө, хэдэн халтар төгрөгөөр хамаг асуудал шийдээд сурчихсан улс төрчдийн нохойд барьдаг мод болж яваад байгаагаа ойлгоосой" хэмээн бичсэн байна.

Х.Баасанжаргал гишүүний тухайд, Морьтой жагсаалыг улстөрчид уяачдад өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд зохион байгуулж байгаа ажил гээд “Хаврын морин уралдаанд их мөнгө эргэлддэг, ард нь улстөрчид байдаг, мөнгө угаалт байх ч магадгүй” гэж хардаж байгаагаа ил тод илэрхийлж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс ч энэ асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул хүүхдээр унуулах асуудлыг эргэж сөхөх ямар ч боломжгүй гэсэн байр суурь илэрхийлээд буй.

Харин олон нийтийн зүгээс өвлийн аялал жуулал хөгжүүлэхэд нэмэртэй учир насанд хүрсэн хүнээр унуулсан тохиолдолд сэргээх боломжтой гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байгаа юм. 

ДУНДЫН ШИЙДЭЛ ОЛОХ ШААРДЛАГА

Талуудын байр суурийг харвал, Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардаж байгаа тал хүүхдээр унуулахыг ч давхар шаардаж байгаад асуудал шийдэгдэхгүй байгаагийн гол шалтгаан гэж харж байна. Тодруулбал, өмнө нь сайдын тушаалаар хориглоод дийлээгүй, сүүлд НҮБ-ын шахалт, олон нийтийн шаардлагаар гаргасан, гурван шатны Шүүхийн шийдвэртэй асуудлыг сөхсөнөөрөө тэмцлээ үр дүнгүй болгож байгаа байдал харагдана. 

Хэрвээ энэ байр сууринаасаа ухраад, насанд хүрсэн хүнээр унуулах, аюулгүй байдлыг нь хангах, даатгалд хамруулах, морь унасан хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг шаардлагуудыг хангана гэдгээ амлаад явбал олон нийтээс дэмжлэг авахад нэмэртэй болов уу. Мөн хууль зөрчиж хүүхдээр морь унуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөр тогтоож өгөх нь ач холбогдолтой. 

Морин уралдаан бол Монголын яах аргагүй нэг онцлог учраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын брэндийг олшруулах шаардлага тавигдаад байгаа энэ үед хэрэгтэй. . 

Өөрөөр хэлбэл, энэ асуудалд дундын шийдэл шаардлагатай байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    Өчигдөр

    BURMUSUN HORIGLOH HTEI MUU TOM DEELTEI MAANAGUUUD

    Хариулах
  • 176.66.87.78
    Өчигдөр

    Мөнгө угаалт...

    Хариулах
  • 71.205.4.58
    Өчигдөр

    Huuli sanaachilsan gishuud ee Uraldaansergesen ch Ulsiin tsol olgoh bolzold tootsohgui baihiig tsaashid tednii tsoliig zuvhen undesnii bayar naadamd uzuulsen amjiltaar olgodog boloh hshaardlagatai Behchuud 4 turuulj baij avdag tod manlai tsoliig Ulsiin naadamd turuu avalgui hurtej baigaa ni hun ee aduunaas dooguur uzeh baigaa hereg bus uu? Heden darhan avargatai ve? Heden tod manlai uyaachtai ve? Heden garamgai mergentei ve?

    Хариулах
  • 202.9.47.15
    Өчигдөр

    Уяачид: - Хүнээр морио уяулчихаад Алдар, нэрийг нь өөрсдөө зүүнэ! Улаанбаатар хотын униартсан их утааны талаар ганц ч үг ган хийсэнгүй! Жилийн 4 улиралд тарьж, тэжээсэн, допингтой, эрлийз морио наадамд уралдуулах гэж хэл ам хийнэ. Яармагт *Морин тойруулга*гээд ганц *Азарга*-ны хөшөөтэй, хоосон, цэлгэр хашаа олон жилийн нүүрийг үзлээ! Түүнийгээ ашиглах талаар ажлаа хийдэггүй! ММСУ Холбооноосоо шаардвал яасан юм бэ?!...ккк

    Хариулах