С.Бямбасүрэн ёкозүна болсноор Д.Долгорсүрэн зааны гэр бүл сүмогийн агуу удамд тооцогдох боллоо

Х.Есү
2025/01/28

Монголд бөхийн удам гэж байдаг шиг Японы мэргэжлийн сүмод ч удам дамжсан алдартай бөхчүүд буюу сүмогийн агуу удамшилтай гэр бүлүүд бий. Одоо барилдаж байгаа бөхчүүдээс гэхэд л өнгөрсөн тэмцээнд Хоошорюүтай түрүү байрын төлөө өрсөлдсөн Охо домогт Тайхо аваргын зээ хүү бол зүүн жигүүрийн тэргүүн озэки Котозакура сэкивакэ байсан Котоновагийн хүү байх жишээтэй.

Улс үндэснийхээ соёлыг үе, удам дамжуулан хадгалж байгаа гэдэг утгаараа ийм гэр бүлийн гишүүдийг бусад бөхчүүдээс онцгойлж, хүндлэл нь ч илүү байдаг.

Тэгвэл Д.Долгорсүрэн зааны ач хүү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэхь ёкозүна цолтон болсноор гэр бүлээ сүмогийн агуу удамтай хэмээх статустай болголоо. Тэр тусмаа, нэг гэр бүлээс хоёр ёкозүна төрсөн гэдгээрээ бусдаас онцгойруулж, ах, дүү аварга Таканохана, Ваканохана нарыг төрүүлсэн домогт Таканоханагийн удмынхантай эн зэрэгцэх хэмжээнд аваачив.

 Арлын Японы үндэсний спорт сумогийн 74 дэх их аваргаар тодроод буй өдгөө 25 настай Хоошорюү Томокацү С.Бямбасүрэн нь мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Акинори буюу Долгорсүрэнгийн Дагвадоржийн төрсөн ах Сугаррагчаагийн хоёр дахь хүү, улсын аварга Д.Сумъяабазарын ач дүү юм.  

Тэрбээр 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатарт төрсөн. Мэргэжлийн сумогийн "Тацунами" дэвжээний бөх. 188 см өндөр, 142 кг жинтэй.

2020 оны Аки башёд анх дээд зиндаад барилдаж, анхны түрүүгээ 2023 оны Нагоя башёд хүртэж байжээ. Түүнээс хойш 2023 оны Аки башёд анх озэки цол хүртсэн байна.

Хоошорюү С.Бямбасүрэнгийн 2002 оны Кюүшү башёд Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилт, ноёрхлын түүх эхэлсэн. Уг буухиаг үргэлжлүүлж, сүмогийн 74 дэх ёкозүнагаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодорч байна.

Японы сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл өчигдөр /2025.01.27/ хуралдаж, 100 хувийн саналаар Хошорюүд ёкозүна цол олгох шийдвэр гарчээ.

Цол хүртээх албан ёсны ёслолын үйл ажиллагаа маргааш болно. Ёслолд оролцохоор түүний авга ах Д.Сумъяабазар тэргүүтэй гэр бүлийнхэн нь тус орныг зорьсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.198
    2025/01/28

    авга дүү гэдэг бол долгорсүрэн зааны төрсөн дүү гэсэн утгатай болно тэгэхээр суьяабазарын ач дүү гэж бичих хэрэгтэй утга зүйн алдаа бн

    Хариулах