“Цахим аялал” интерактив хичээлийг орон нутгийн сургуулиуд тодорхой хэмжээнд сургалтдаа ашиглаж эхэлсэн.
Үүний нэгэн жишээ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р сургууль 2021 оноос интерактив хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулан ашиглаж эхэлжээ. Интерактив хичээлийн талаар тус сургуулийн багшийн хөгжил, арга зүй хариуцсан сургалтын менежер П.Мөнхцэцэгтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.
Танай сургууль интерактив хичээлийг яагаад сургалтдаа нэвтрүүлсэн бэ?
Бид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Ялангуяа боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар хүүхдүүддээ шинэ мэдлэгийг олгох бүхий л боломжийг сургалтдаа ашиглах нь зөв. Сургалтын арга барилдаа салхи оруулах, хүүхдийн суралцах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэхэд интерактив хичээл чухал нөлөө үзүүлж байгаа.
Багш нарт хэрхэн нөлөөлж байна?
Сургуулийн удирдлагын зүгээс багш нараа хөгжүүлэх, сургалтын арга барилд шинэ зүйл нэвтрүүлэх тал дээр үргэлж дэмжиж ажилладаг. Манай багш нар интерактив хичээлийг судлаад, ашиглаад дадал болсон гэх үү дээ. Манай сургууль 80 гаруй багштай. Нийт багш нарын 70-80 хувь нь интерактив хичээлийг сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа. Бэлэн агуулга нь гарсан хичээлийг ашиглахад багш нарт амар байдаг.
Ихэвчлэн ямар багш нар түлхүү ашиглаж байгаа вэ?
Насны хувьд гэвэл залуу багш нар түлхүү ашигладаг. Харин интерактив хичээлийг хэзээ ашиглах уу гэдэг нь тухайн багшаас хамаарна. Хүүхдүүдийг сэдэлжүүлэх, мэдлэгээ бататгах, дүгнэлт, гэрийн даалгавар эсвэл шинэ хичээл гээд янз бүрээр ашиглаж байгаа. Бүлэг, хичээлийн онцлог бас нөлөөлнө.
Интерактив хичээл хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна гэж та дүгнэж байна?
Хүүхдүүдийн техник технологийн мэдлэг үнэхээр сайжирсан. Интерактив хичээлийн үед хүүхдүүдийн нүд нь сэргээд ирдэг. Хичээлдээ идэвхтэй оролцоно, даалгавраа сайн хийнэ, мэдэж сурсан зүйлээ багш, ангийнхантайгаа хуваалцана гээд л. Хүүхдийн суралцах хүсэл, эрмэлзэлд хамгийн сайнаар нөлөөлж байна.
Зөвхөн ангиас гадна хүүхдүүд гэртээ хичээлээ давтаж үзэх, гэрийн даалгавар хийхдээ бас интерактив хичээлийг үзэж байгаа. Гэр бүлийн зүгээс уг хичээлийн талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ?
Манай сургуулийн багш нар зочинтой хичээл гэж ордог. Үүнд сургуулийн удирдлага, залуу багш нар, эцэг эхийн төлөөлөл хамрагддаг. Тус хичээл дээр багш нар интерактив хичээлийг түлхүү ашигладаг. Хүүхдүүд нь хаанаас хэрхэн мэдлэг олж авч байгааг эцэг эхэд нь ойлгуулах нь зөв. Эцэг эхчүүдийн зүгээс интерактив хичээлийн талаарх сэтгэгдэл өндөр байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна