Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт спортын бооцоот таавраас бусад цахим мөрийтэй тоглоомыг бүрэн зогсоох хуулийг УИХ-д өргөн бариад буй. Үүнийг Хаврын чуулганаар хэлэлцэх бөгөөд батлагдах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
Эрх баригчид хууль батлах болсон шалтгаанаа "Цахим мөрийтэй тоглоомоос үүдэж олон мянган иргэд амьдралаа алдаж, амиа хорлох хүртэл эрсдэлтжэй учир үүнийг хоригдож байна" хэмээн тайлбарлаж буй. Мөн "Жилийн хугацаанд 500 сая долларыг цахим мөрийтэй тоглоомооор дамжуулан гадагш урсгаж байна" гэх тоон мэдээлэл бий.
Мэдээж аливаа улс иргэдээ эрсдлээс хамгаалж хууль дүрмээ тогтоох нь зүйн хэрэг. Гэхдээ нэг гараараа иргэдээ хамгаалж, нөгөө гараараа иргэдээ өөрсдөө шулсаар байх уу.
Хожих магадлал багатай ч хүчээр оролцож буй хамгийн том BET бол НӨАТ-ын сугалаа, НДШ...
Иргэд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ дээр 10 хувийн татварыг нэмж төлөн түүнийхээ 2 хувийг буцааж авдаг. Үлдсэнийг нь төсөвт төвлөрүүлж, өчүүхэн хэсгээр нь 30,000-100,000,000 төгрөгийн хонжвортой сугалаа зохион байгуулдаг.
Гэхдээ энэ сугалаа нь шударга явагддаг эсэх нь эргэлзээтэй. АТГ-аас давуу байдал ашиглаж олон удаа НӨАТ-ын сугалааны азтан болсон төрийн албан хаагчийг ч илрүүлэн шалгаж байв.
Хожих магадлал бараг байхгүй гэж хэлж болох бас нэг бооцоо бол НДШ. Ажил хөдөлмөр эрхлэгч иргэд сар бүрийн цалингийнхаа 26 хувийг НДШ-д өгч буй. Үүнийхээ хариуд төрийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй болдог. Гэвч мөнгийг нь төлсөн хэрнээ төрийн үйлчилгээ авах нь иргэдэд үе давдаг тоглоом шиг хүндхэн даалгавар. Олон сарын оочир дараалал, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэлт, гарын үсэг гэх мэт... Үүгээр зогсохгүй сая нэг үйлчилгээ авъя гэтэл бидний татвараас бүрдсэн сангуудыг эрх мэдэлтнүүд нь тонон дээрэмдчихсэн нөхцөл байдал угтна.
Цахим мөрийтэй тоглоомд хожих магадлал бага ч хүн өөрийн сайн дураар тоглодог бол төрөөс зохион байгуулдаг НӨАТ, НДШ-д хожих магадлал бага ч хүчээр оролцдог онцлогтой.
Үнэхээр Монголын төр иргэдээ хамгаалж, мөрий сугалаанаас салгамаар байгаа бол НӨАТ-ын сугалааг хамгийн түрүүнд зогсоож, буцаан олголтоо нэмэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
112.72.15.198
үнэн нөатын сугалааг болиулий
Хариулах