Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ

Х.Есү
13 цаг 48 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.

“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа боловч иргэд болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байна.

Иймд дээрх арга хэмжээний хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж байна.

2024 онд цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.3 хувь буюу 6 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн бол энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 27.5, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн тоо урьд оны мөн үеэс 86.1 хувиар тус тус өссөн бол албадан эмчилгээ 9.26, сайн дурын эмчилгээ 34 хувиар тус тус буурчээ.

Согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 21.2 хувиар буурсан боловч хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өсжээ.

Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28.155 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрхээ хасуулсан этгээд 2150, огт эрхгүй 3030 иргэн байжээ. Мөн согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол урьд оны мөн үеэс 40.7, хэрэг 97.9 хувиар тус тус өсөж 77 хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.

Эдгээр статистикаас харахад согтууруулах ундаагаар үйлчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бол нөгөө талаасаа иргэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээ, чанар, стандартыг шаардах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байгааг харж болно.

Иргэд, аж ахуй нэгжүүдийг хууль, дүрмийг чанд мөрдөж, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалъя.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна