Өнгөрөгч сарын 25-нд Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хязгаарлах зорилготой "Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийг Засгийн газраас өргөн барьсан.
Тэгвэл өнгөрөгч УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Улмаар энэ долоо хоногт хэлэлцэх бөгөөд тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд дагалдаж өргөн баригдсан гол хуулиудад ямар өөрчлөлт орох вэ гэдгийг тайлбарлая.
Тус хуулийн төслөөр цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг шууд хориглох бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн 46 оронд судалгаа хийхэд, 21 улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэрэг энэ төрлийн үйл ажиллагааг хуулиараа хорьсон байна.
1. Зөвшөөрлийн тухай хууль
НЭМЭГДЭХ ЗААЛТ1: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
ХАСАГДАХ ЗААЛТ: 8.1 зүйлийн 11.4 буюу "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх"-эд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийн олгох заалтыг хүчингүйд тооцсон.
Тайлбар: Өмнө нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх нээлттэй байсан бөгөөд тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа эрхлэх боломжтой байсныг хориглоно гэсэн үг.
2. Эрүүгийн хууль
НЭМЭГДЭХ ЗААЛТ1: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом эрхлэх
Олон нийтийн газар, эсхүл цахим сүлжээ ашиглан төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг ашиг олох зорилгоор эрхэлсэн бол 2700-4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас гурван жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл дээр хугацаагаар хорих ял онооно.
НЭМЭГДЭХ ЗААЛТ2: Энэ зүйлийн 1-д заасан гэмт хэргийг
2.1. Бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж,
2.2. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ зүйлийн 1, 2-т заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг 40,000-200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Тайлбар: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом эрхэлсэн тохиолдолд их хэмжээний торгуулийн арга хэмжээ эсхүл зорчих эрх хязгаарлах, хорих ял онооно.
НЭМЭГДЭХ ЗААЛТ3: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучлах
1. Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, эсхүл цахим мөнгө, эсхүл витуал хөрөнгө, эсхүл харилцаа холбооны сүлжээний дугаар, эсхүл цахим хаягаа бусдад ашиглуулсан бол 450-5400 нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
НЭМЭГДЭХ ЗААЛТ4: Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд зуучилсан бол 2700-14000 нэгжээр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучилсан тохиолдолд 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгуулах, эсхүл 6 сараас гурван жил зорчих эрхээ хязгаарлуулах эсхүл хорих ял шийтгүүлнэ.
Мөн данс, утасны дугаар зэргээ ашиглуулсан тохиолдолд 240-720 мянган төгрөгийн торгууль эсхүл 6 сараас нэг жил зорчих эрхээ хязгаарлуулах, хорих ял шийтгүүлэх юм.
3. Зөрчлийн тухай хууль
НЭМЭГДЭХ ЗААЛТ1: Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомынг сурталчлах
Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
НЭМЭГДЭХ ЗААЛТ2: Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Сурталчилсан уриалсан бол 5 сая төгрөгөөр торгоно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ ашиглаж, сурталчилж, уриалсан бол 10 сая төгрөг, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно.
4. Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах
НЭМЭГДЭХ ЗААЛТ1: Хууль бус зар сурталчилгаа
7.2.4 Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан.
Тайлбар: Тус хуулийн төсөл батлагдсанаар төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хууль бус болж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна