Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно

Х.Есү
Өчигдөр 11 цаг 08 минут

Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Одоогийн байдлаар И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ. 

Хэдийгээр эмнэлэгт цаг захиалах үйлчилгээ цахимжсан ч иргэд захиалсан цагтаа ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол түгээмэл байна. Судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь үзлэгтээ ирдэггүй байна.

Энэ нь зөвхөн тухайн иргэнтэй бус, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон яаралтай тусламж шаардлагатай бусад иргэдэд ч хүндрэл учруулдаг.

Тиймээс Иргэн та Эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгийн цагийг урьдчилан захиалсан боловч тухайн цагтаа очиж амжихгүй тохиолдолд:

  • И-Монголиа системд бүртгэлээрээ нэвтрэх;
  • Хайлтыг хэсэгт эмнэлгийн цаг цуцлах гэж хайн;
  • Цаг цуцлах үйлчилгээнээс цаг авсан эмнэлгийг сонгох;
  • Цэнхэр тэмдэглэгээ бүхий цаг авсан өдрийг сонгон баталгаажуулна.

 

Хэрэв иргэн эмнэлгийн байгууллагад цаг авсан ч өөрийн буруугаас болж тухайн цагтаа тусламж, үйлчилгээ авч чадаагүй бол ЭМДҮЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолд заасны дагуу 20,000 төгрөгийг өөрөө төлнө. Энэ нь торгууль гэхээс илүү иргэдийг хариуцлагатай болгох зорилготой. Захиалсан цагаа цуцалж сурах нь дараагийн иргэнд цаг захиалах боломжийг бүрдүүлж, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн, чирэгдэлгүй явагдахад чухал нөлөөтэй юм.

 

Жич: 

  • Цахимаар үзлэгийн цаг авахын тулд 2016 оноос хойш ЭМД заавал төлсөн байх ёстойг анхаарна уу.
  • Та цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж шаардлагатай зүйлсээ бэлдсэн байх хэрэгтэй. Үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг дүүрсэн байгааг анхаараарай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна