Баялгийн сангийн тухай хууль хууль батлагдаад яг жилийн нүүр үзжээ. Энэ хууль батлагдсанаар төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон Стратегийн орд эзэмшигч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, ашигтай ажилласан ААН-үүдээс орлого төвлөрүүлж, гурван сангаараа дамжуулан иргэдийнхээ амьдралын чанар, улс орны хөгжилд зориулах боломж бүрдсэн. Улмаар эрх баригч нам Парламентын сонгуульд ялалт байгуулж улс төрийн ашиг хонжоо ч гаргасан. Харин иргэдэд ямар ашиг ирсэн бэ. Энэ асуултад бодитой хариу өгөх цаг болсон байна.
Байгалийн баялгаар хамгийн их хөлжсөн МАК, “Эм Си Эс”-ээс манлайлал харагдахгүй байна, тэд хэлэлцээрт бусдаасаа түрүүлж орох ёстой
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Н.Учралаар ахлуулан байгуулж, Стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээр хийж, эзэмшлийн хувилбар боловсруулах үүрэг бүхий Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзанданг томилсон. Тавдугаар сарын 1 гэхэд хувийн хэвшилд байгаа есөн ордын эзэмшигчидтэй тохиролцоонд хүрэх тов зарласан, дуусахад 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд "Стратегийн орд эзэмшигч зарим ААН хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлжээ" гэхээс өөр мэдээлэл бараг гарсангүй, олон нийт одоо хүртэл хэлэлцээрийн талаар ямар ч мэдээлэлгүй гэхэд болохоор байгаа юм.
Засгийн газраас Ухаа худаг ордыг “Энержи ресурс” ХХК-д шилжсэн асуудлыг судлахаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, “Хууль бус байжээ” гэж дүгнээд УИХ-д тогтоолын төсөл оруулсан.
Гол нь “Стратегийн ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдсэн нь буруу байжээ” гэж үзээд уг шийдвэрийг “нөхөж хэлэлцэх” боломж өгч байна гэж ойлгогдсон. Хэдий олон жилийн дараа ч гэсэн УИХ “өршөөгөөд” хүлээж авах юм бол хэлэлцээрт оръё гэсэн санаатай тогтоолын төсөл гэдгийг Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг.
Гэтэл одоо болтол УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтдаа оруулахгүй хойшлуулсаар байгаа нь юуных вэ. Магадгүй, гишүүд “Хууль бус” гэж үзээд тусгай зөвшөөрлийг нь цуцалчих магадлал бас байгаа учраас хэлэлцүүлэлгүй азнаж байж ч болох. Гэхдээ, нэгэнтээ орд эзэмшээд, том ААН босгож ирээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгаа гэдгийг бодолцож үзэх ухаан УИХ-ын гишүүдэд хангалттай байгаа шүү дээ.
Баялгийн сангийн тухай хууль нэгэнт батлагдсан, нийгмийн захиалга болсон хууль учраас хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл, төр одоо Стратегийн жагсаалтад байгаа, цаашид энэ жагсаалтад нэмэгдэх ордуудаас хувиа заавал эзэмшинэ, үүнд ямар ч маргаан байхгүй. Гэхдээ уул уурхайн салбарын хөгжилд хохирол учруулахгүй хэрэгжиж, ирээдүйд төрийн өмчийн компаниуд менежментийн хувьд хамгийн үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх учиртай.
Үнэнийг хэлэхэд, Баялгийн сан ард иргэдийнхээ амь, амьжиргааг тэтгэдэг, амьдралын чанарыг сайжруулдаг, улс орны хөгжилд чухал үүрэгтэй урт хугацааны том бүтээн байгуулалт, хөтөлбөрийг санхүүжүүлдэг ёстой жинхэнэ Баялгийн сан байх уу, болж бүтэж байсан салбараа болохыг нь байлгадаг, хэвийн, хамгийн гол нь ашигтай ажиллаж байгаа ААН-үүдээ доголдуулсан /Стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ашиггүй ажиллавал санд ногдол ашиг хуваарилагдахгүй/ балагтай сан байх уу гэдэг Баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс шалтгаална.
Ардчилсан, чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай, цаашид ч хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжинө гэж зарлаж тунхаглаж байгаа улсын хувьд лиценз хураах, 100 хувь төрийн мэдэлд авах гэх мэт хатуу арга хэмжээ авах нь манай улсын нэрэнд муу. Ард түмэн ч Баялгийн сантай болсноосоо илүү айдас хүйдэст автах нь маргаангүй.
Нөгөө талаас, ард түмний өмч болох газрын хэвлийн баялаг дээр тулж, үндэсний хэмжээний ААН болтлоо томорсон МАК, “Энержи ресурс” компаниуд хэлэлцээрт нээлттэй хандаж, байр сууриа илэрхийлэн, хуулийн хэрэгжилтэд хүндэтгэлтэй хандмаар байна. Асуудлаа нээлттэй ярьж, хэлж, шаардлага гарвал олон нийтийн дэмжлэгийг авч ч болно.
Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой ААН-үүдийг дотор нь хууль бусаар лиценз эзэмшсэн, хууль ёсоор авсан гэх зэргээр ялгаж эрэмбэлнэ гэсэн санааг Засгийн газрын БЭТ Ж.Батзандан нэг бус удаа илэрхийлсэн. Энэ нэг талаар зөв. МАК, “Энержи ресурс” ХХК-иуд жишээ нь энэ тал дээр зөрчилтэй гэх агуулгууд яригдсан учраас тэдэнтэй хийх хэлэлцээр бусад ААН-үүдтэй хийх хэлэлцээрт жишиг болох учиртай. Тиймээс хамгийн түрүүнд тэдгээр, том ААН-үүдтэй хэлэлцээрт орж, хувиа олж авч байж дараагийн ААН-үүд рүү орох болчихоод байгаа юм.
Газар доорх ард түмний өмч баялагийг олборлож их хэмжээний ашиг олж улсаасаа их төсөвтэй болсон компаниудтай яаж хэлэлцээр хийх, юу гэж тохирох, хэрхэн хандах зэргээс их зүйл шалтгаалах тул эхлээд тэдэнтэй учраа ололцох ёстой.
Үүсмэл орд ашиглагчдыг дэмжих ёстой
Аливаа хууль төр засгийн бодлоготой уялдаж гардаг. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль уул уурхайг хөгжүүлэх, олон, олон орд газартай болох бодлогоор гарсан учраас лицензийг хүнд сурталгүй олгох тал дээр түлхүү хэрэгжсэн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа олон уурхай энэ хууль хэрэгжиж байх үед хайгуулын тусгай зөвшөөрлөө авч, нөөц тогтоон амжилттай ажиллаж байгаа. Тэгвэл одоо боловсруулагдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга уул уурхайн салбарт төр, ААН, орон нутгийн харилцаанд анхаарсан, байгаль орчинд ээлтэй байлгахыг чухалчилж, энэ тал дээр харилцаанд оролцогч талуудыг хариуцлагажуулсан, өндөр технологи нэвтрүүлж “Олборлолтоос боловсруулалт руу” хийх шилжилтийг дэмжсэн, бий болсон баялгийг ард түмэнд буюу эзэмшигчдэд нь тэгш хүртээх агуулгатай болж буй. Уул уурхай хүнд үйлдвэрийн /Тухайн үеийн нэрээр/ сайд Ж.Ганбаатарын гарын үсэгтэй Хууль шинэчилж батлах үндэслэлд энэ талаар тодорхой дурдсан байгаа.
Баялгийн сангийн тухай хууль хэрэгжихдээ энэ бодлоготой уялдах ёстой. Өөрөөр хэлбэл, 2025 онд батлагдах гэж байгаа, илүү орчин үеийн чиг хандлага бүхий хуулийн үзэл баримтлал, төрийн бодлогыг 10, 15 жилийн өмнөөс хэрэгжүүлээд, зарчмаа болгоод явж байгаа ААН-үүдийг бодолцож үзэх ёстой гэсэн үг.
Энэ санаа Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжтой ордуудаас хууль эрхзүйн асуудалгүй, “Эрдэнэт” УБҮ-ийн технологид тохирохгүй хүдрээс өндөр технологиор зэс ялгаж баялаг бүтээдэг, өөрсдөө санхүүгийн эрсдэл үүрч, хөрөнгө оруулалтаа шийдэн үйлдвэр босгосон үүсмэл орд эзэмшигчдэд илүү хамаатай.
Одоогоор “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван ААН үйл ажиллагаа явуулж байгаа. “Эрдмин” нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол улсын бараг цорын ганц уул уул уурхайн жишиг компани бол “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцааг орон нутгийн иргэд эзэмшдэг. “Ачит ихт” нь хамгийн ядуу агуулгатай хүдрээс ч зэс ялгах өндөр технологийг нэвтрүүлсэн.
Ашигт малмал өртөг шингэж байж баялаг болдог. Байгалийн баялгийг буюу орд газрууд ашигтай ажиллаж, татвар, ногдол ашиг хэлбэрээр төсөвт хөрөнгө төвлөрүүлж байж л ард түмэнд ашигтай гэж тооцогдоно. "Эрдэнэт" УБҮ-ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглаж, өндөр технологи нэвтрүүлэн баялаг болгосон үйлдвэрүүдийг байхгүйгээс боломж бий болгосноороо улсынхаа хөгжлийг урагшлуулсан гэж үзэж болно.
Анхаарч үзэх ёстой асуудлууд мэдээж байгаа, үгүйсгэхгүй. Жишээ нь, “Ачит ихт” ХХК. Гол асуудал нь, “Эрдэнэт” УБҮ өнөөдрийг хүртэл “Ачит ихт”-ээс хувь эзэмшилгүйгээр явж ирсэн явдал. Өмнө нь өчнөөн яригдсан ч өнөөдрийг хүртэл, тэр бүү хэл Баялгийн сангийн хууль гарсны дараа ч нөхцөл байдал яг хэвээрээ байгаа нь хачин.
Бид бүхний мэдэж байгаачлан, Баялгийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Тав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт УБҮ-т
-“34 хувиа эзэмших”
-14 жилийн хугацаанд аваагүй ногдол ашигаа нэхэмжлэх
-Ашиглаж байгаа II овоолгыг 100 хувь эзэмш гэдэг үүргийг өгсөн байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмшээгүй нь буруу байжээ гэж үзсэн үг мөн.
Гэтэл үүрэг өгснөөс хойш бүтэн жил өнгөрчихөөд байхад “Эрдэнэт” УБҮ Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлээгүйг юу гэж ойлгох вэ. “Ачит ихт” компани энэ хооронд буюу Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаас хойш хоёр удаа “Төр 34 хувиа ав, ТУЗ-д төлөөллөө оруул, тэгээд ажлаа бодоцгооё” гэж албан бичиг илгээжээ.
Төр хууль гаргаад, хэрэгжүүлэхээр хүчээ дайчлаад явж байхад Төрийн өмчит компани нь ингэж ажил гацааж болох уу. Дээрх шийдвэр гарсан Засгийн газрын хуралдаанаас “34 хувь эзэмшихээс татгалзсан” “Эрдэнэт” УБҮ-ийн удирдлагыг хууль хяналтын байгууллагад өгнө гэх асуудал мөн яригдсан ч шийдвэр гарах үед дарга байсан Ц.Даваацэрэнг одоо болтол шалгаагүй. Өмнө нь ч яг энэ шалтгаанаар шалгагдсан ч шүүхээс ял аваагүй. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруугүй гэсэн үг. Гэм буруутай гэж үзвэл хохирлыг буруутай этгээд хариуцна, буруугүй гэвэл “Ачит ихт”-ээс хувь эзэмших нь үнэхээр ашиггүй байжээ л гэж үзэхээс аргагүй. Төр, төрийн өмчит компанийн зүгээс хуулийн хэрэгжилтийг гацаасан ийм хандлага гаргаж байгаа нь ард иргэдэд бүр ч ашиггүй.
Үндсэн хуулийн 6.2 буюу ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн нь байж, өгөөж хувь хүртэх зүйл заалтыг амилуулах Баялгийн сангийн тухай хууль батлагдаад жил өнгөрч байгаа ч хэрэгжилтийн явц нэг иймэрхүү байдалтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.192.43
Баахан сүржин эхлээд даржин дуусдаг юм уламжлал болсон.УИХ,засгийн газрын ажил ийм л байна.энэ юунаас вэ гэвэл тэнд хулгайч луйварчид сууж байгаа учраас
Хариулах66.181.182.124
Бөөн бантан бөөн хулгай юм шигл харагдажбайна. Төр хүчгүй. Тэнд үүрлэсэн хулгайч нар нь төрөө хүёгүйдүүлэн басамжилж байна. Хулгайчгүй Шинэ төр л хийх байх даа энэ ажлыг
Хариулах122.201.31.97
Зөв
Хариулах66.181.189.160
Ашиглалтын лиценз хүсэх - ашиглалтын лиценц олгох гэх хоёр талын харилцаа бна. Лиценз хүссэнийг нь биш олгосоныг нь эхлээд шалга. Өөрөөр хэлбэл засаг өөрийнхөө ажлыг эхлээд шалга, шийд.
Хариулах