Б.Цэрэннадмид: Дөрвөн бүстэй интеграцид орж хөгжих боломжтой нь бидний давуу тал

Х.Батсайхан
2025/04/14

Архангай аймагт болж буй “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы "Хангайн бүсийн зөвлөл, засаглал, эрх зүйн орчин” салбар хуралдаан үргэлжилж байна. 

Салбар хуралдааны панелист, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Хангайн бүсийн онцлогийг “Бүсүүдийг тогтоохдоо Архангай, Өвөхангай, Баянхонгорыг нэг бүс болгосон нь манай аймгуудын байдал хоорондоо маш төстэй, нийцэл 80 хувь гэсэн судалгаа гарсантай холбоотой. Хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн тоо, эдийн засгийн зохилох салбар зэрэг нь маш ойролцоо. Бүгд 19-20 сумтай. Гурвуулаа ДНБ нь 800 гаруй тэрбум буюу нийлээд 2.5 их наяд төгрөг орчим болдог. Хүн амын тоогоор Монголын нийт хүн амын 8.3 хувийг эзэлдэг ч нийт мал аж ахуйн салбарын 20 гаруй хувийг эзэлдэг. Монгол Улсын нийт 200,000 малчин өрхийн 50,000 нь Хангайн бүсэд амьдарч байна. Хамгийн олон үхэр, адуу, хонь, ямаатай бүс нь манайх. Дэд бүтцийн хувьд, гурван аймаг нийлээд 400 гаруй км авто замтай. Одоо хийгдэж байгаа 100 гаруй, 100 гаруй, ТЭЗү хийгдэж байгаа 300 гаруй зам байгаа.

Аялал жуулчлал хөгжих боломжтой. Түүх соёл, байгаль, рашаан ус гээд өгөгдөл давуу талууд бий. Мөн Шинэ Хархорум хотын төлөвлөлттэй холбоотойгоор хотжилтын шинэ дэд бүс бий болно. Тэгэхээр энэ бүгдийг хөгжүүлэхэд дэд бүтэц байгуулах нь чухал. Дээрээс нь шинэ хоттой яаж интеграцид орж хөгжих вэ гэдэг асуудал чухал болж байна.   

Бидэнд нэг давуу тал байгаа нь дөрвөн бүстэй интеграцид орох боломжтой. Архангай аймаг Баруун бүс, Хойд бүстэй, Баянхонгор аймаг, Өвөхрхангай аймаг Говийн бүс, Төвийн бүстэй интеграцид орох боломжтой нь бидний давуу тал” хэмээн тодорхойллоо.

Хуралдаан үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна