Б.Бямбаа: Цаг хугацаа бүхний шүүгч. Цаг хугацаа элээсэн бүтээл минь л миний хайртай бүтээл болох байх

Х.Есү
2025/04/15

Самбар дээр шохойгоор хичээнгүйлэн сартай шөнийг зурж буй Б.Бямбаа багшийн бичлэг 2020 онд “Од” болж байв.  Харин тэр одоо өөрийн уран бүтээлээ туурвин амьдарч байгаа аж.

Бид энэ удаагийн ярилцлагын нэвтрүүлэгтээ зураач Б.Бямбааг урьж оролцууллаа.

No description available.

Зураач гэдэг мэргэжлийг сонгоод хэр удаж байна вэ? Мөн ихэвчлэн ямар чиглэлээр зургаа зурдаг вэ?

-Би анх цэцэрлэгт байхаасаа л эхэлж зурсан юм. Янз бүрийн цэцэг ногоо, хүнсний ногоо их зурдаг байсан. Тэр үеийн урмаасаа л их сайхан сэтгэгдэл аваад өнөөдрийг хүртэл зургаа зурж байгаа гэж боддог шүү.

Би чинь чөлөөт уран бүтээлч хүн шүү дээ. Би бараг 20 гаруй жид энэ мэргэжлийг эзэмшээд явж байна. Бас би багшилдаг. Яагаад гэхээр энэ урлагийн гайхалтай зүйлийг хүүхдүүдэд мэдрүүлье гэж бодоод, хүүхдүүдийн төлөө л ажилладаг даа.

No description available.

Миний бүтээлүүд ямарваа нэгэн урсгалд баригддаггүй. Ямар ч сэдэв байж болно. Би ямар ч зүйлийг өнгө будгаар илэрхийлж болно. Миний уран бүтээлүүд ихэвчлэн нийгмийн сэдэвтэй байдаг.

Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд дуудагдаад одоо бүтээлээ туурвиад явж байна даа.

Зураг зураад 20 жил болж байна гэж байна шүү дээ. Одоо ингээд бодоход та уран зураггүйгээр, урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?

-Б.Бямбаа гэдэг хүн бүтээлээ дамжуулж бусад хүмүүст мэдлэг түгээхийг хүсдэг. Одоо бол би уран зураггүйгээр өөрийгөө төсөөлж үзээгүй. Энэ зургаараа л хоолоо олж идэж, өмсөх хувцсаа авлаа шүү дээ. Зургийнхаа буянд л амьдарч байна гэж хэлж болно.

Би энэ хорвоо дээр байхгүй болон болтлоо л зургаа зурсаар байна гэж боддог.

No description available.

Хамгийн анх өөрийнхөө зурсан зургийг хэдэн төгрөгөөр зарж байв. Тухайн үед ямар мэдрэмж авсан бэ?

- Оюутан байхдаа л олон төрлийн үзэсгэлэнд ордог байсан. Тэгээд л тухайн үед үзэсгэлэнд л их зургаа өгч заруулдаг байж дээ. Гэхдээ хамгийн анхны цалин бол багш нарынхаа зургийг зурж өгөөд 20 мянган төгрөгийн цалин авч байсан юм. Тухайн үед оюутан хүүхдэд тэр чинь их мөнгө шүү дээ.

Бас нэг удаа нэг галерей дээр 15 минутад байгалийн зураг зураад, түүнийг маань нэг Франц хүн харж биширсээр байгаад авч байсан юм.

Зураач хүн болгоныг өөрийн гэсэн ертөнцтэй гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд?

No description available.

-Би өөрийнхөө ертөнцийг урлагийн эрх чөлөөтэй ертөнц гэж нэрлэнэ. Яагаад гэвэл урлагийн ямарваа нэгэн хэлбэрт баригддаггүй. Нэг онцлог нь гэвэл би зургаа зурахдаа ерөөсөө харандаа ашигладаггүй. Шууд л будгаараа зурж эхэлдэг.

Таны хамгийн хайртай бүтээл ямар бүтээл вэ?

-Би бүх зурагтаа сэтгэлээ шингээн зурдаг болохоор яг энэ зурагтаа хайртай гэж онцолж хэлж чадахгүй. Цаг хугацаа бүхний шүүгч байдаг. Тэгэхээр цаг хугацаа элээсэн бүтээл минь л миний хайртай бүтээл болох байх даа. Намайг энэ хорвоогоос явсны дараа миний зураг л дурсагдаж үлдэнэ шүү дээ.

-2020 онд самбар дээр шохойгоор хичээнгүйлэн сартай шөнийг зурж буй бичлэг цахим орчинд нэлээдгүй шуугиан тарьж байсан. Тэр үед та багшилж байв уу?

-Тэр үед энгийн нэг шохой, самбарын алчуур хоёр ашиглаад зурсан. Гэхдээ тэгж зураг зурангаа хүүхдүүдэд хичээлээ заадаг юм. Хүүхдүүд өөрсдөө сэдвээ гаргаад тэгээд багш нь шохой ашиглаж самбар дээр зурдаг байсан юм.

Тухайн үед миний бичлэгийг хийсэн шавь нартаа баярлалаа гэж хэлмээр санагддаг шүү.

Ярилцлагынхаа төгсгөлд та уншигчдадаа хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Уран бүтээлч намайг хүндэлж хайрлаж захиалга өгдөг бүх хүмүүстээ баярлалаа. Өдий хүртэл намайг дэмжиж тэтгэж байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна