ХЗБХ: 2024 онд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой 1052 дуудлага хүүхдийн 108 тусгай дугаарт иржээ

С.Гандэлгэр
7 цаг 57 минутын өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 

Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат П.Сайнзориг нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн 1.5 дугаар зүйлд нэмэхээр төсөлд тусгасан нь хууль зүйн техникийн шаардлага болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалт нь уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэхээр хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг шууд Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэл үүсгэж болзошгүй гэв. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатайг мөн дурдсан. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хууль зүйн техникийн засвар хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзжээ.


Г.Уянгахишиг гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Б.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авах хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулаад, салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Монгол Улсын иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргадаг зарчмыг тодотгож байсан юм. Үүний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, үүнээс улбаалан тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолж байв. Хууль хоорондын нийцлийг хангах, хуулийн төсөл дэх зохицуулалтыг өргөн хүрээнд, нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлж, томьёолох шаардлага байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.


Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс ирүүлсэн хоёр саналаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, мөн холбогдох байгууллагуудаас хуулийн төслүүдийн талаарх саналыг авахаар тогтов.


Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.


Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль зүй, эдийн засаг, нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтээр .“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн “…шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тухайлан дурдаагүй гэлээ. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болохоор, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгажээ.


Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар асуулт асууж, ажлын хэсгийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авахын зэрэгцээ төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь ажлын хэсгийн саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нар асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт авсан юм. Үндсэн хуулийг баталж, мөрдсөнөөс хойших 33 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хүсэлт гаргаж байгаа анхны тохиолдол гэдгийг тэмдэглээд, жишиг болохуйц энэ төрлийн маргаанд нөлөөлөх улс төрийн болон эрх зүйн үр дагаварыг нь тооцож, нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурал хүсэлт гаргаад, тухайн хүсэлттэй холбогдуулан Цэц шийдвэрээ гаргавал өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэн харах боломж байгаа хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэллээ. Улсын Их Хурал хуулийг өөрчилж болох ч Цэц өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэж харах эрхгүй болох учраас боломжит шийдэл нь энэ хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Цэцээс гаргасан тухайн магадлалтай холбоотойгоор шүүх дээрх маргаан үргэлжлэх тул эрх мэдэл хуваарилалт, парламентат ёс, Үндсэн хуулийн байгууллаа хамгаалах, бэхжүүлэх үүднээс энэ хувилбараар шийдэх нь оновчтой хэмээн хэлсэн. Шүүхэд парламентыг дуудах нь тогтолцооны гажуудал үүсгэх эрсдэлтэй талаар тайлбарлаж байв.


Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдох заалтыг нь хасах, хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж, Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалал, шүүхийн харьяалалтай холбогдох зохицуулалтад тодруулах зүйлүүд байвал холбогдох заалтыг тусгах байдлаар шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлсэн.

Гишүүний саналтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасан байгаа бөгөөд дэмжлэг авсан тохиолдолд Цэцэд хандах эрх хуулийн дагуу нээлттэй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлэв. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Х.Тэмүүжин гишүүний саналыг хэлэлцээд, үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэв. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин горимын санал гаргав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах Х.Тэмүүжин гишүүний саналыг дэмжсэн юм.


Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов.

Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.


Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.

Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.


Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав.  Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.


Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.

Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав.

Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм.


Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна. Энэ талаар Н.Мягмар дарга танилцуулсан.

Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутаг суралцдаг, 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэй гэв. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь Youtube, 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ.

Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн төгсгөлд сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгааг дурдав. Иймд холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр 2007 онд Турку их сургуульд боловсруулагдсан судалгаа, нотолгоонд суурилсан хүчирхийллийн эсрэг “KiVa хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, АНУ-ын Засгийн газар, ялангуяа Боловсролын яамны дэргэдэх Тусгай хэрэгцээт боловсролын төв (OSEP)-өөс санхүүжүүлдэг үндэсний хэмжээний “Эерэг зан үйлийн хөндлөнгийн оролцоо ба дэмжлэг” санаачилгыг нэвтрүүлэх саналаа танилцууллаа. Мөн үндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг Австралийн Kids Helpline үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгодог АНУ-ын www.StopBullying.gov цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх саналыг Н.Мягмар дарга танилцууллаа.


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга дараагийн мэдээллийг танилцуулсан. Тус яамнаас “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд судалгаа хийх, хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах, хүүхдэд сөрөг нөлөөлөлтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн контентыг хязгаарлах, устгах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлжээ. Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах технологийн арга хэмжээг авч байгаа гэв.


Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд ОУЦХБ-аас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэн түгээсэн бол үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох сургалтыг 21 аймаг, нийслэлд цахимаар болон танхимаар зохион байгуулсан байна.

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаас журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаас санал авч 2025 оны 03 дугаар сард хамтарсан тушаалаар “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцуулав.


Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул дээрх сэдвийн хүрээн дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл, баримтуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсаар хүлээн авдаг ба үүний зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг гэв. 108 тусгай дугаарт ирсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлагыг 102 утсанд шилжүүлдэг байна. Харин хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаарх яаралтай дуудлагыг 103, амиа хорлох, ахуй, осол гэмтэл, өндрөөс унах зэрэг дуудлагыг 101, 105 дугаарт яаралтай шилжүүлэн хамтран ажилладаг байна.

Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт 2021-2023 онд цахим орчны дарамт, хүчирхийллийн талаарх 99 дуудлага ирснийг Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. 2024 оноос энэ төрлийн дуудлагыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим хаягаар нь шилжүүлдэг болсны дагуу 38 дуудлагыг шилжүүлсэн байна. Хүүхдэд цахим орчинд үзүүлэх дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болжээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой дуудлага маш их ирдэг хэмээгээд “2024 онд 1052 дуудлага ирсэн, энэ оны I улиралд 193 дуудлага бүртгэгдсэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр бодлого, зохицуулалтын хүрээнд хийсэн ажлуудын талаар товч дурдаад цаашид Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, стандартыг сурталчлан таниулах, журмыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сургах, чадвахжуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон үүрэн холбооны оператор компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ажлын албыг чадавхжуулах шаардлагатай байгааг мөн мэдээллийнхээ төгсгөлд танилцуулав.



Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ.



Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн.


Ийнхүү Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээллийг сонссоноор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна