Эдийн засаг унах уу, сэргэх үү

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 16 минут

-Тарифын дайн “Цар тахал 2” болох вий-

Сүүлийн үед эрх баригч, сөрөг хүчин ялгаагүй “Эдийн засаг урьд хожид байгаагүйгээр хүндрэх нь” гэсэн мессежийг нийгэмд өгөх болов. Энэ нь иргэдийн сэтгэлзүйд дарамт болж, бухимдаж байгаа дээрээ улам бухимдацгааж байна. Үнэндээ ч иргэдийн худалдан авах чадвар муудаж, наймаа худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрч байгаа нь үнэн. Гэхдээ тодорхойгүй байдлаар айлгаж байгаад эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоо, эрх мэдлийг улам нэмэх сонирхол явж байна уу гэсэн хардлага давхар төрөх боллоо. Цар тахал олон улс орон төрийн эрх мэдлийг нэмэх нөлөө үзүүлсэн шиг тарифын дайн мөн ийм нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол байна.

Тодорхойгүй байдлаас айх айдас

Хүн тодорхойгүй зүйлээс хамгийн их айдаг. Хэр хэмжээг нь мэдчих юм бол хэчнээн хүнд ч гэсэн мэдрэмж болоод үйлдэл нь арай бодитой, ончтой байдаг гэсэн үг. Харин эсрэгээрээ, айсуй бэрхшээлийг огт мэдэхгүй бол үйлдэл нь буруу, алдаа гаргах магадлал өндөр. 

Манай Улсын хувьд БНХАУ худалдааны дайнаас болоод АНУ хэмээх том зах зээлээ алдсан, тиймээс үйлдвэрлэл, экспорт нь унаж таарна гэсэн хамгийн муу хувилбараар бодон арга хэмжээгээ авч байна. Тодруулбал, валютын орох урсгал хомсдоно гэж тооцон “Валют олж ирэх”, “Олж ирснээ буцааж гаргахгүй” байх аргын аль, алиныг хэрэглэж байгаа юм.

Гэхдээ энэ арга хэмжээ нь өмнө нь хүрсэн ололтуудаа сүйтгэх, өмнө нь байсан буруутгалуудыг зөвтгөх хэмжээнд байж болох уу гэдэгт гол асуудал байна. Өөрөөр хэлбэл, тарифын дайнаас болж үүссэн тодорхойгүй байдал дээр тоглож төрийн эрх мэдэл хэтэрхий нэмэгдэх вий, институтуудын зөрчил болж даамжрах вий гэсэн болгоомжлол байна.

Засгийн нгазар валютын гарах урсгалыг хаахдаа эрс хатуу арга хэрэглэж, 500 сая ам.доллар /Дэгс тоо ч байж мэднэ/ авч үлдэхийн тулд Эрүүгийн хуульд шинэ гэмт хэрэг нэмж, хүмүүсээ хорих хэмжээний үйлдэл үзүүлсэн.

Орох урсгалыг нэмэгдүүлэхдээ Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулж, офф тейк гэрээ хийх, ам нөхцлөөр худалдах гол ололтыг нь үгүй хийхээр зэхэж байна. Энэ бол үндсэндээ “Нүүрсний хулгай 2” гарах боломжийг нээж өгч байгаа гэдэг нь үнэний хувьтай. Өөрөөр хэлбэл, төр нийтийн баялаг буюу ашигт малтмалыг нууцаар захиран зарцуулах боломжоо нээж /Биржийн тухай хуулийн зорилго нь нийтийн өмч буюу баялгийг ил тод шударга, зах зээлийн үнээр борлуулах/ байна.

Энэ бүх арга хэмжээнүүд нь төрийн буюу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй хэсэг бүлэг хүний эрх мэдлийг нэмэгдүүлсэн шинжтэй. Гэтэл иргэд олон нийт буюу баялгийн эздэд чиглэсэн ямар дэмжлэг үзүүлэх гэж байгаа нь одоо ч тодорхой бус байна.

Тархи угаалт уу, бодит байдал уу

Дэлхийн №1, №2 эдийн засаг болох АНУ, БНХАУ харилцан хамаарлаа үл огоорон тарифын дайн эхлүүлсэн нь дагалдах эдийн засагтай улсуудад нь хүнд цохилт болж байгааг бүгд мэдэж байгаа.  

Гэхдээ БНХАУ-д очиж байгаа бодитой цохилт нь хэр байгаа вэ гэлгийг бодож үзвэл 10 хувь орчим л байна. Урд хөрш 2024 онд 3.58 их наяд ам.долларын экспорт хийснээс АНУ руу 400 тэрбум ам.долларын бараа нийлүүлжээ. Тариф тавигдсанаар энэ хэмжээний дутагдал үүсэх ч БНХАУ энэ жил эдийн засгаа 5 хувиар өснө гэж тооцоолсныг мартаж болохгүй. Яг одоо БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Зүүн өмнөд Азийн улсуудаар цуврал айлчлал хийж яваа. Гол зорилго нь экспортоо нэмэгдүүлэх гэдгийг шинжээчид хэлж байна. Иймэрхүү айлчлалууд цаашид ч болох нь тодорхой бөгөөд ямар нэг үр дүн гаргана гэдэг нь бүр ч тодорхой юм. Түүнээс гадна, АНУ, БНХАУ тохиролцоод бодлогоо зөөллөх магадлал бас бий.

Бидэнд байгаа бас нэг давуу тал нь БНХАУ-д зайлшгүй хэрэгцээтэй сайн чанарын коксжих нүүрс нийлүүлдэг. Олсон мөнгөөрөө буцаагаад бэлэн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. БНХАУ-д экспорт хийх зах зээл хэрэгтэй байгаа. Энэ хамаарал дээр Монголын байдал тэгтлээ муудахгүй байж болно.

Том төслөө явуулж ажлын байр бий болгох ажлаа нүүрсээр бартердах бол байж болох санаа. Гэхдээ бусад асуудлын тухайд, тодорхойгүй нөхцөл байдлаар далимдуулаад баруун солгойгүй хууль өөрчилж, төр өөрийнхөө эрх мэдлээ нэммээргүй байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.238
    17 цагийн өмнө

    “Далайд дусал” гэгчээр Хятадад гаргаж буй Мнголын бүх экспорт 1,2-р ЭЗ-н дэргэд 00000001/ ш дээ. Тэгэхээр ингэж худал сүржигнэж балайтах бол толгой хоосон сүржин гаруудын солиорол.

    Хариулах
  • 66.181.184.101
    Өчигдөр

    Манай коксжих нүүрс олон улсын үнэлгээгээр сайн чанарынхад багтаггүй гэсэн. Хүүхдээ худлаа магттаг айл шиг байх хэрэггүй.

    Хариулах