Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт 72.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явууллаа.
УИХ-ын гишүүд өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэв.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Тэрбээр, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлэг өргөн хүрээтэй болсон. УИХ-ын 26 гишүүн асуулт асууж, дөрвөн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр хуулийн төсөлд засаж сайжруулах шаардлагатай зүйлс олон байгааг гишүүд дурдсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудаас мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө 8.30 цагт УИХ-ын даргын хувиар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нарын хамт 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар шийдсэний дараа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар ярилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүх талын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулан ажиллахаар санал нэгдсэн. Бүх талын оролцоог хангасан ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрвэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар тогтлоо хэмээсэн.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Лүндэг төсөлд “агнасан бол” гэж тусгасныг тодруулж, оновчтой үг хэрэглээгүйгээс үүдэн хийдэл, зөрчил гарах, эрсдэл үүсэх эсэх талаар хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийн 1 дүгээр зүйлд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд амьтны тухай хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй байхаар, төслийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс байхаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Саарал чонын байгальд гүйцэтгэж байгаа үүрэг үлэмж их. Ер нь байгальд илүү юм гэж үгүй. Малын тоо толгойг зохицуулдаг, мал, хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг байгалийн хамгийн чухал зохицуулагч чоно. Монголын нөхцөлд тоо толгойн судалгаа хийгээд зохицуулалт хийх боломж бий гэдэгтэй санал нэг байгаа гэлээ. Тэрбээр, амьтан агнах төлбөрт хэдэн төгрөг төвлөрдөг, үүний хэдийг нь амьтан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдгийг тодруулсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн дагуу амьтны нөөц ашигласны төлбөрт 2024 онд 14.3 тэрбум төгрөг орсон. Энэ нь нийт байгалийн нөөц ашигласны төлбөрийн 5.1 хувийг эзэлж байгаа. Амьтны нөөц ашигласны төлбөрийн 42 хувийг амьтныг хамгаалах, нөөц судалгаа хийхэд зарцуулсан хэмээн хариулсан юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Дараа нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийснийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан танилцуулав.
УИХ-ын гишүүдээс хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёолол бичгээр урьдчилан ирүүлсэн аж.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас тогтоосон нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсөө өөрөө тогтоох, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан зээлдэгчийн мэдээллийг таван жил хадгалах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим, нөхцөл шаардлагыг Монголбанк батлах агуулга бүхий зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тогтоолын төслийн 2 дугаар зүйлийг зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим, нөхцөл шаардлагыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгах агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Харин тогтоолын төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд гурван жилээр тусгах гэсэн агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй хэмээн танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Хариуцлагатай зээлэгчдийг урамшуулах тухай санал хэлээд, өндөр оноотой хүмүүст зээлийн хүүгийн бодлогоороо дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг тодруулсан юм. Мөн тэрбээр "Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн талаар дурдав. Нийт бизнес эрхлэгчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтны 37 хувь, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 хувь нь тус тус эмэгтэйчүүд байдаг гэдэг баримтыг онцлоод “Нийт зээлдэгчдийн дансны тоо эрэгтэйчүүдийнхээс 33 хувиар их атлаа зээлийн дундаж хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 45 хувиар бага. Зээлийн дундаж хүү нь эрэгтэйчүүдийнхээс 0.8 буюу бараг 1 хувиар их байгаад байна. Тодруулбал, богино хугацаатай, өндөр хүүтэй жижиг зээлийн дийлэнхийг эмэгтэйчүүд авдаг. Тулгамдаж байгаа асуудал нь барьцаа хөрөнгөгүй, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал нөхцөл болон жендэрийн хэвшмэл ойлголт” хэмээгээд төрийн зүгээс бодлогын дэмжлэг хууль эрх зүйн орчин сул гэдгийг хэлээд олон улсын санхүүгийн салбар дахь сайн жишгийг нэвтрүүлсэнд талархалтай байгаагаа хэллээ.
Нийт зээлийн багцыг харахад хамгийн хариуцлагатай зээлдэгч нь эмэгтэйчүүд, малчид байдаг талаарх мэдээллийг Э.Батшугар гишүүн хариултынхаа үеэр бататгаад “Оноо нь өсөх хэрээр зээлийн нөхцөл нь сайжирна. Зээлийн хүү буурах, шуурхай болох, дээрээс нь барьцаа хөрөнгийн шаардлага ч буурдаг” хэмээсэн. Тэрбээр зээлийн онооны системд шилжсэн Латин Америкт барьцаа хөрөнгийн шаардлага нь 12 хувиар буурсан судалгааны талаар жишээ татсан. Зээлдэгчийн оноо нь биет бус хөрөнгө болох талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үдээс хойших нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтоод, үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна