Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй амьтны яс олджээ

Х.Батсайхан
3 цаг 24 минутын өмнө

Монголын говьд судалгаа хийсэн эрдэмтдийн баг 90 сая жилийн өмнө амьдарч байсан, шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй сүүн тэжээлтэн амьтны үлдэгдэл олж илрүүлжээ. Уг олдворын талаарх мэдээлэл "Acta Palaeontologica Polonica" сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Сэтгүүлд бичсэнээр, уг амьтнаас үлдсэн эрүүний ясыг эрдэмтэд шинжилж үзээд Zhelestidae овгийн өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ төрөл зүйл байна гэж дүгнэсэн аж. Энэ төрлийн амьтад өмнө нь Европ, Хойд Америк, Төв Азиас олдож байсан бөгөөд манай улсаас анх удаа олдохдоо шинэ төрөл зүйл олдсон нь энэ юм байна. Уг амьтныг Ravjaa ishiii гэж нэрлэжээ. 

Шүдний байдлаас харахад уг амьтан жимс, үр тариагаар хооллож чаддаг байсан байх магадлалтай байгаа аж. Уг амьтныг олсон Баянширээ гэх газар нь биологийн төрөл зүйлийн олдцын хувьд өмнө нь төсөөлж байснаас хавьгүй баялаг байгаа бөгөөд энд судалгаа хийснээр Төв Азийн ургамал, амьтны байдлын талаар их зүйл мэдэж авах боломжтой гэж үзэж байгаа юм байна.  

Монголын говиос шинжлэх ухаанд танигдаагүй үлэг гүрвэлийн яс олдох нь элбэг бөгөөд манайх хамгийн том эх сурвалжид тооцогддог. 

Хамгийн сүүлийн үейин мэдээллээс дурдвал, Монголын говиос олдсон 92 см өргөнтэй хөлийн мөр хараахан араг ясыг нь олж илрүүлээгүй байгаа хамгийн том хоёр хөлт үлэг гүрвэлийнх байх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан.

Яс нь олдож, баталгаажсан үлэг гүрвэлээс хамгийн том нь  2017 оны наймдугаар сард патагоны хөндийгөөс /орчин үеийн Аргентин, Чили улсын нутаг/ олсон бөгөөд манай гаригийн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй хуурай газрын амьтан хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.  Patagotitan mayorum гэж нэрлэсэн уг амьтан долоон заантай тэнцэхүйц, 35-аас дээш тонн жинтэй бөгөөд Юри, цэрдийн галавт амьдарч байсныг эрдэмтэд тогтоож байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна