“2029 он гэхэд алтны үнэ унци тутамдаа 6000 ам.долларт хүрнэ” гэсэн зоригтой таамаглалыг эдийн засгийн шинжээчид дэвшүүлэх болжээ. Сүүлийн хэдэн сар үнэ нь тогтмол өсөж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ ээлж дараалан эвдэж байгаа ч 6000 нь цочир сонин тоо тул мэдээлэл бэлтгэхээр шийдэв.
Ямартай ч шинжээчид алтны үнийн талаар маш зоримог таамаглалууд дэвшүүлж байгаа нь үнэн бөгөөд бараг бүгд үнэ өснө гэжээ. Тэднээс “JPMorgan” банкны шинжээчдийн дэвшүүлсэн “2029 он гэхэд алтны ханш 6000 ам.доллар хүрч өснө” гэсэн таамаглал хамгийн өөдрөг нь байна.
Бид өмнө нь алтны ханшийн зүй тогтол нь дайн дажин, тогтворгүй байдалтай холбоотой байдаг талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Тиймээс 2029 он гэхэд дэлхий дээр тодорхойгүй байдал хэвээр байх нь гэж нэг талаар дүгнэж болно. Гэхдээ “JPMorgan”-ы шинжээчдийн үзэж байгаагаар, ам.долларын тогтовортой байдалд найддаг байсан АНУ-ын хөрөнгө оруулагчид алтанд ач холбогдол өгч эхэлснээр ийм үр дүн гарах гэнэ.
АНУ-ын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа хөрөнгийн ердөө 0.5 хувийг алтанд шилжүүлэхэд л ханш нь хангалттай 6000 ам.долларт хүрэх гэнэ.
Тогтворгүй жижиг улсын мөнгөн тэмдэгт алт болдог байсан бол энэ удаад хамгийн хүчирхэг валют болох ам.долларт алт болно
Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлж, тэр нь олон улсад нэвтэрсэн байдаг билээ. Монголд ч гэсэн төгрөг дээр “Энэхүү мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд байх алтаар баталгаажсан” гэдэг утгатай бичиг байдаг байсныг хүмүүс санаж бсайгаа биз.
Гэвч энэ стандартыг 1968 онд үгүй болгосон юм. Ялангуяа АНУ алтан баталгаа тоохоо болж, тогтвортой байдалдаа дулдуйдан ам.долларын ханшийг өсгөх замаар улс орнуудыг шулан мөлжиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ам.долларын ханшийг өсгөхийн тулд Төв банкин дахь алтны хэмжээгээ өсгөх үүргээс өөрийгөө чөлөөлсөн хэрэг.
Цаасаар хэвлэсэн ам.доллараа баялаг болгож асар ихээр баяжсан АНУ одоо харин хөрсөндөө бууж ирснээр алтны ханшийн өсөлтөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Ер нь АНУ алтанд анхаарал хандуулахад үнэ ханшийг нь өсгөдөг бичигдээгүй хуультай юм байна.
2009 онд АНУ-ын эдийн засаг ганхаж, төрөөс хувийн компаниудад их хэмжээний мөнгөн тусламж үзүүлсний дараа хөрөнгө оруулагчид алт худалдаж авч эхэлсэн бөгөөд чухам тэр үед одоогийн үнийн суурь болох 2000 ам.доллар орчимд хүрч байсан аж.
Яг одоогийн нөхцөл байдлаар бол АНУ дэлхийн хэт олон улстай худалдааны дайн хийж эхэлсэн. Энэ нь АНУ-ын нөхцөл байдлыг ямартай ч дээрдүүлэхгүй гэдгийг бүгд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрсдөө үйлдвэрлэгч болж төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд дагалдаж бий болох бэрхшээлийг давахад хугацаа хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчид алт худалдаж авч, үнэ өсөхөд нөлөөлдөг геополитикийн тогтворгүй байдал, инфляци, Засгийн газрын өр зэрэг хүчин зүйлс АНУ-ын хувьд бодитой болж хувирах бөгөөд энэ нь ам.доллар эрчимтэй алт болж хувирахад хүргэх гэнэ.
JPMorgan-ын шинжээчдийн үзэж байгаагаар, гадны хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгөд жаахан ч гэсэн эргэлзэхэд л алтны үнэд үзүүлэх нөлөө асар их байх болно гэжээ. Учир нь, алт нь хязгаарлагдмал нөөц учир олборлолт буюу нийлүүлэлт нь жил бүр өсөх графикаар явдаггүй. Тиймээс эрэлт бага зэрэг өсөхөд л үнэд илүү нөлөөтэй очдог байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна