НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос тэмдэглэж эхэлжээ.
1948 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрх Дорнодод энхийг сахиулах анхны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Ассамблей тавдугаар сарын 29-нийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр зарлаж, жил бүрийн энэ өдөр энх тайвныг сахин хамгаалах ажиллагаанд оролцож, мэргэжлийн өндөр ур чадвартайгаа харуулж, амь биеийг үл хайрлан, эрэлхгээр тэмцэж яваа бүх хүнд хүндэтгэл үзүүлж, түүнчлэн энх тайвны үйл хэргийн төлөө тэмцэж яваад амь үрэгдэгсдээ дурсан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Ассамблей НҮБ-ын системийн бүх гишүүн улс болон байгууллага, засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүст хандан энэ өдрийг зохих ёсоор дэмжихийг санал болгосон байна.
Тэгвэл манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл 23 мянган офицер, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.
Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцож, Монголын цэргийн нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж явсан манай анхдагч дайчид эх орныхоо бахархал, энх тайвны бэлгэдэл болсоор ирсэн билээ. Энхийг сахиулагч нартаа "Энхийг сахиулагчдын өдөр"-ийн баярын мэнд хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна