Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орно

С.Гандэлгэр
53 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

28-ны өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -7...-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -7...-9 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна