Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

С.Гандэлгэр
47 минутын өмнө

Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.

Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин  усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6  нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна