Г.Алтаншагай: Улсын тэргүүний уран сайханч дүрдээ хайртай

Х.Есү
3 цаг 16 минутын өмнө

"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, захирал Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайг бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж, ярилцлаа.

-Таныг "Улсын тэргүүний уран сайханч" дүрээр чинь хүмүүс мэддэг. Тухайн дүрийг хэдэн онд бүтээж байв?

-Анх 2004 онд Улсын тэргүүний уран сайханч гэдэг дүрээрээ 21 настай байхдаа том гэгч нь тоосгон гутал өмсөөд л үйлдвэрчний эвлэлийн тайзнаа гарч билээ. Тийм болохоор энэ тайзан дээрээ эргээд гарах бүрт халуун дулаан энерги мэдрэгддэг. Уран бүтээлч хүнийхээ хувьд заримдаа би энэ тайзан дээрээ залбирдаг.

Шинэ үе продакшнд ороод л анх танигдаж эхэлсэн дээ. Тэр үед чинь CD их үздэг байлаа. Хошин шогууд CD дээр худалдаалагдаж гардаг байсан. Улсын тэргүүний уран сайханч гээд дүрд тоглоод сар гаран хугацаа өнгөрсөн байсан. Нэг өдөр микронд суугаад явж байсан чинь нэг хүн над руу заагаад л “өө улсын тэргүүний уран сайханч байна” гээд л. Тухайн үедээ намайг хэлж байна гэж бодоогүй. Дараа нь автобусанд суугаад явж байсан чинь дахиад л хүмүүс таниад эхэлсэн.

Тэр үед чинь автобусны кондукторууд маш чанга байсан. Мөнгө өгөхгүй бол цохино, зодно, чимхэнэ. Нөгөө улсын тэргүүний уран сайханч чинь хүмүүст танигдаад байдаг, хөөрхий ядуу оюутан хэвээрээ л байгаа шүү дээ. Хүмүүсийн хажууд кондуктор эгчид хөөгдөөд байдаг /инээв/

Анх тэгж л эхэлж байсан даа.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Би анх СУИС-д дуулаачийн ангид шалгалт өгсөн. Эхлээд тэнцээгүй унасан. Дараа нь жүжигчний ангид шалгалт өгөөд орж байсан юм.

Би нэг түүх ярьж өгье л дөө. Эхлээд жүжигчний ангид шалгалт өгөхөд орж чадаагүй, яг улаан зураасны доор орчихсон. Захиргаа руу орж уулзахад, намар хүүхдүүд шилжилт хөдөлгөөн хийхэд сул орон тоо гарч магадгүй тэр үед хүрээд ир гэж байсан. Би ч намар болохыг хүлээж хүлээж очсон чинь ямар ч хүүхэд шилжилт хөдөлгөөн хийгээгүй чамайг авах боломжгүй байна гэсэн.

Би долоо хоног өглөө болгон СУИС дээр очсон. Сүүлд нь захиралтайгаа уулзсан. Захирлаасаа гуйгаад 33 хүүхдийн квоттой байсныг 34 хүүхдийн квоттой болгож орж байсан. Сүүлд мөрөөдлийн театраа байгуулчхаад сургуулийнхаа захирлыг авчраад жүжгээ үзүүлж байхад “Би зөв сонголт хийжээ. Их баярлаж байна” гээд хэлж байсан.

-Жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоод, мэргэжлээрээ бахархаж байсан үе бий юу?

-Мөрөөдөл гэдэг үг миний амьдралтай салшгүй холбоотой юм шиг байгаа юм. Би жүжигчин болохыг мөрөөддөг байсан жүжигчин болсон. Драмын театрт орохыг мөрөөддөг байсан театртаа орсон. Өөрийн гэсэн хамтлагтай болохыг мөрөөддөг байсан. Хамтлагаа байгуулаад мөрөөдлийн театр хэмээх нэрийг өгсөн.

Хамгийн анх байгуулагдаад миний нууц хүү жүжгийг тоглоод аавдаа үзүүлж байсан. Тэр үед аавын минь жоохон муу байсан л даа. Хамгийн урд талын суудалд аавыгаа суулгаад жүжгээ дуусаад ёсолгоогоо хийгээд, аав руу үнсэлт илгээгээд очоод тэврэхэд маш том орон зай үүсэж байгаа юм шиг санагдсан. Би тэр мөчийг хэзээ ч мартдаггүй. Тэр бол миний жүжигчин болсны маань хамгийн үнэ цэнэтэй агшин" гэлээ. 

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна