Иргэд ярьж байна: Утааг улстөржүүлэхгүйгээр “устгая”, улс төрчдөө

2017/01/14
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг  хожуу ч гэсэн хүлээн  зөвшөөрч, онцгой  байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож, хориглох зүйлсийг тодорхойлох, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр  УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад  хандсан зөвлөмж гаргаад байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газар төдийгүй  нийт иргэд байгууллагын үүрэг болгосон юм.

Тэгвэл бид энэ удаад “Гамшиг” гэж тодорхойлсон утааны асуудал дээр авч хэрэгжүүлж буй төр, засгийн арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу, орчны бохирдол гамшгийг хохирол багатай даван туулахад ямар ажил хийх нь оновчтой вэ гэх мэт асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

 
СХД-ийн 7 дугаар хорооны иргэн Ж.Болдбаатар
 
-Манайх утааны голомт гэж хэлж болох СХД-ийн Баянхошуунд амьдардаг. Би тэтгэвэртээ гарсан хүн. Яаж зүгээр суух вэ гээд  таксинд явдаг юм . Өглөө гэрээс гарахад үнэхээр гамшиг гэж хэлж болохоор гашуун утаагаар амьсгална. Хөгшин хүн  хараа муутайг хэлэх үү, бараг л замаа харахгүй. Би ч хаширлаад  утаа ихэсхээс урьтаад  ажлаасаа буудаг болсон.  Миний бодлоор хожимдсон ч гэсэн  гамшгийн хэмжээнд хүрснийг ил тод зарлаж, арга хэмжээ авахаар болсныг сайшааж байгаа. Утаа өнөөдөр үүсчихээгүй. Олон арга хэмжээ авч, их ч хөрөнгө зарсан.

Тэгэхээр өнөөдөр  шалны халаагуур, тень худалдан авахыг уриалахаас илүү онц байдалд авах арга хэмжээнүүдээ яаралтай авч хэрэгжүүлмээр байна. Ядаж л сургууль, цэцэрлэгийн ажиллах хуваарьт   өөрчлөлт оруулж,  утааны ид  тархалтын үеэр  гадуур гарахаа багасгаж, эмч, эмнэлгийн үйлчилгээг утааны голомтын бүсэд байгаа иргэдэд ойртуулах  байдлаар яаралтай арга хэмжээ авмаар байна.

Үндэсний аюулгүй байдлын  зөвлөл хуралдаад  гамшгийн байдалд хүрснийг  тогтоосон бол одоо шат  шатны байгууллагууд нь ажлаа хиймээр байна. Иргэдийг бас үүнд уриалмаар байна. Өнөөдөр хөдөөнөөс шилжин ирж байгаа хүмүүс ерөөсөө л Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд  суурьшдаг. Өөр дүүрэгт суурьших газар ч алга. Энэ хэрээр  яндангийн тоо нэмэгдэж, утаа эдгээр дүүргүүдэд ихсэж байна. Өнөөдөр хүүхдээ эмнэлэгт хүргэж чадахгүй, утааны бүсэд амьдардаг олон хүн бий. Тийм хүмүүсээр дүрэм журам мөрдүүлж, шаардлага тавих нь оновчгүй. Харин тэдэнд хүрч л ажилламаар байна. Ингэж байж л  онцгой нөхцөлд ажиллах зөвлөмж  хэрэгжих болов уу.
 

Хан уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Мөнхөө
 
-Манайх Нисэх, яармагт амьдардаг. Тэнд ч гэсэн улиг болсон утааны асуудал байж л байна.  Утааг арилгана гэж манай улстөрчид олон жил ярьж байгаа боловч бодитой арга хэмжээг авахгүй байна. ТЭЦ-V цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан. Тэр нь өнөөдөр хаана байна вэ. Цахилгааныг тэг төгрөг болгосон. Үнэн хэрэг дээрээ одоо байгаа цахилгаан станцууд маань ачааллаа дийлэх юм уу, үгүй юу гэдэг асуудал бас бий.

Утааны асуудлаар ер нь анхаарч байгаа улстөрч гэж алга. Ж.Эрдэнэбатаас илүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л утааны асуудлаар сүүлд дорвитой дуугарч, шийдэл хэлэх шиг боллоо. Даанч Ерөнхийлөгчийн эрх хэмжээ нь анхааруулах, уриалахаас хэтрэхгүй нь хэцүү юм даа.

Засгийн газар цахилгаан халаагуур мэтийн гал унтраасан арга хэмжээ  авч байгаа нь  учир дутагдалтай. Сүүлийн үед утаанд хордож хүүхдүүд маань олноороо өвчилж нас бардаг боллоо. Та бүхэн сэтгүүлч хүмүүс эмнэлгүүдээр яваад сурвалжлага хийгээрэй. Тэнд хэвтэж байгаа, өвдөж зовсон хүүхдүүдийн дийлэнх нь уушигны хатгалгаа гэсэн оноштой байгаа. Өнөө л утаанаас болж тэр шүү дээ. 0-5 насны хүүхдийг үнэгүй эм тариагаар хангана гэсэн шийдвэр гаргасан байна билээ. Энэ бол яахав, бас л нэг түр зуурын арга.
 

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Гэрэл
 
-Утаа гамшиг болсон гээд л дээр, дооргүй яриад байх юм. Ярих яах вэ. Бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлмээр байна.  Би жишээ нь Толгойтод амьдардаг. Өглөө оройд бол хашаан доторх орчин харагддаггүй. Бүр арай дэндүү.  Иргэд талбай дээр жагсаж тэмцсэний үр дүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг хүн утаатай тэмцэх тухай саяхнаас яриад эхэллээ. Ингэж ярьж байгаа нь сайн хэрэг л дээ. Гэхдээ авч хэрэгжүүлж байгаа ажил нь үнэндээ гал унтраасан, нүд хуурсан төдий зүйл байгаад харамсч байна.

Цахилгааны шөнийн тарифыг  үнэгүй  болгож айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэсэнээр Улаанбаатар утаанаас салах юм гэнэ.  Манай Ерөнхий сайд тэгж ярьсан. Үнэн хэрэг дээрээ хоёр, гурван саяын үнэтэй цахилгаан халаагуурыг айл өрхүүд авч дийлэхгүй байна. Ингэж шоу хийхийн оронд урт хугацааны алсаа харсан бодитой ажлыг санаачилж хиймээр байна.  Сая Ерөнхийлөгч төрийн байгууллагууд, их сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргая гэсэн утгатай зүйл зурагтаар ярьж байна билээ. Үүнийг би хувьдаа их зөв, зүйтэй шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ мэт бодлогын томоохон шийдлүүдийг зоримог хийж байж Улаанбаатар хотыг утаанаас ангижруулж чадах болов уу.


Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны иргэн н.Мөнхцэцэг

Утаа гамшгийн хэмжээнд хүрэхийн тухайд бол аль дээр үед хүрсэн шүү. Манай дүүргээс сонгогдсон их хурлын гишүүд энэ утааны асуудал дээр үнэхээр сэтгэлгүй, хангалтгүй ажиллаж байна.

Өглөөгүүр Баянхошуунд гудамны үзүүр харагддаггүй. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд бол тэнд хордож дуусч  байна. Эрүүл мэндийн сайд нь ч тоож байгаа юм алга. Утаанаас болж асар олон хүүхэд хатгалгаа авч эмнэлгийн кридорт хэвтэж байна шүү дээ.

Манайх гэхэд халаагуур, тенээ авч чадаагүй. Их өндөр үнэтэй юм билээ. Банкны зээлтэй бид чинь тэр өндөр өртөгтэй халаагуурыг нэгдүгээрт авч хүчрэхгүй байна. Ингээд ирэхээр хөлдөж үхэхгүйн тулд нөгөө л мод, нүүрсээ түлэхээс өөр аргагүй. Иргэдээ ядуурлаас гаргаж, орон сууцжуулаагүй цагт бид утаанаас мөддөө салахгүй байх аа.


 Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Болор

-Манай Чингэлтэй дүүрэгт утааны асуудал бол үнэхээр хүнд байна. Би Дэнжийн мянгад амьдардаг. Дэнжийн мянга бол утааны голомт болсон газар. Үүнийг хүн бүхэн мэднэ.

Хүүхдийн маань ирээдүй л их хэцүү байна даа. Бид ч яахав ингэж яваад үхдэг юм байж. Хотын даргаа, иргэд чинь эрүүл мэндээрээ хохирч дууслаа. Бүрэн бүтэн эрүүл монгол хүн гэж байхаа болилоо. Хүүхдээ тээж байгаа ээж хүртэл хордож байна. Тэр бүү хэл ураг хэвлийдээ нас барсан талаар хэвлэл мэдээллээр яриад, бичээд л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч саяхан утааг гамшиг хэмээн хүлээн зөвшөөрч Засгийн газрыг онцгой дэглэмд орж ажиллахыг үүрэг болгосон.

Гэвч Засгийн газар ямар онцгой дэглэм барьж ажиллаж байгаа вэ гэдэг нь харагдахгүй, ажлынх нь ядаж зах зух үр дүн нь иргэд бидэнд мэдрэгдэхгүй байна.  Өмнө нь утаагүй зуух нэртэй тендер зарлаж улсын мөнгийг үрэн таран хийж баахан улсууд шоронд ороо биздээ. Энэ удаад бас л цахилгаан халаагуур гэдэг зүйл дээр тендэр зарлана гэж дуулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гэдэг хүнд үүнээс өөр дорвитой санаа олдоогүй юм байх даа.  Иргэд чинь хордож үхэж байна шүү дээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна