Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан. Тэгвэл урлаг соёлын одод утаагүй Улаанбаатарын төлөө дуу хоолойгоо илэрхийлж цахим орчинд “Бүгдээрээ хичээвэл утаагүй” challenge-ийг эхлүүлжээ. Тэдний түүчээ болж уг challenge-ийг МУГЖ, “Чингисийн одон” шагналт дуучин Г.Ариунбаатар санаачилж, дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчдийг дуудсан юм. Түүнтэй энэ талаар ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны эхлүүлж буй утааны эсрэг урлаг соёлынхон болон залуусыг уриалсан “Бүгдээрээ хичээвэл утаагүй” давалгаа анхаарал татлаа?
- Утааны асуудал утгаа алдаад гамшгийн хэмжээнд хүрснийг өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрч байна. Төр засгийн зүгээс ч утааг гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, зарласан нь оновчтой алхам болсон гэж харж байгаа. Хүн алдаагаа хүлээн зөвшөөрч байж л засч залруулдаг. Түүнтэй ижил утаа өнөөдөр хамгийн том асуудал, гамшиг болчихлоо гэдгийг Улаанбаатарт амьдарч буй иргэн бүр мэдэж, ойлгож, санаа зовж байгаа бол нэгдээд чадах бүхнээ хийх хэрэгтэй байна.
Өнөөдөр утаа дарга даамал, жирийн иргэн, дуучин жүжигчин, баян ядуу гэж ялгаж байна уу? Бүгд л ялгаагүй хордож, нөхцөл байдлыг мэдэрч байна шүү дээ. Тэр тусмаа хүүхдүүд энэ орчны бохирдол, утаа гэдэг гамшгийн хохирогчид болж байна. Саяхан утааны эсрэг ээж аавууд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Би хувьдаа тэднийг маш их дэмжиж байгаа. Утаанаас шалтгаалсан өвчлөл, ханиад томуу ямар хэмжээнд байгаа билээ, сэтгэл эмзэглүүлсэн байдалд байгаа шүү дээ.
Үндсэндээ өвөл болохоор утаагаа яриад өнгөрдөг байсан хүмүүсийн тэвчээр өнөөдөр дуусчихаад байна. Тиймээс би энэ асуудалд МУ-ын иргэний хувьд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсч, зорьж “Бүгдээрээ хичээвэл утаагүй” давалгааг эхлүүлж байгаа юм.
-Бусдыгаа хэвлэл мэдээлэл, сошиалаар уриаллаа гээд утаа арилахгүй, нэмэргүй гэж харах хүн ч цөөнгүй байгаа байх?
-Нэмэртэй байлгүй яах вэ. Утааг бууруулахад иргэдийн ухамсар, оролцоо маш өндөр байх хэрэгтэй байна. Утааг улстөржүүлэхгүйгээр, талцахгүйгээр, ямар нэгэн ашиг сонирхол харахгүйгээр, харлуулж, шүүмжлэхгүйгээр нэгдэж, нийлж байж л арилгаж чадах юм байна гэж харж байгаа.
Нийслэлд МУ-ын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг гээд бодохоор иргэнээ, хотоо аврахгүй бол болохгүй биздээ. Бид өнөөдөр тэмцэхгүй бол асуудал хүндэрнэ үү гэхээс хөнгөрөхгүй. Энд ямар нэгэн нам, улс төр гэж талцахгүйгээр нэг нэгнийхээ хийх гэснийг үгүйсгэхгүйгээр яагаад өнөөдөр нэгдэж болохгүй гэж.
Утааны асуудал аль 2000 оноос л яригдаж байсан. Харамсалтай нь бид нэгдээгүй, шаардаагүй болохоор өнөөдөр асуудал даамжирсаар ийм хэмжээнд хүрчихлээ. Өнөөдөр бид гараа хумхиад хараад суувал цаашид бүр л дордоно. Хоёр нам ярьж хуваагдсан, нэг нэгнээ муулдагаа одоо зогсооё залуус аа. Одоо бусдыг дагаж хошуурахгүй асуудалд бодитоор хандаж, эрүүлээр хармаар байна.
Өнөөдөр иргэдэд бүх мэдээлэл нээлттэй байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл, сошиалд хүмүүсийн илэрхийлж байгаа гомдол, бухимдлаас бүхнийг харж болохоор байна.
Бид бүхний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас иргэн Г.Ариунбаатар дуугаа дуулаад амиа бодоод явж болохгүй юм байна. Энэ асуудалд иргэн бүхний оролцоо чухал юм байна гэж бодож, энэ давалгааг эхлүүлж байгаа юм.
Тиймдээ ч миний зүгээс залуусыг тэр дундаа урлаг, соёлын салбарынхныг хувь нэмрээ оруулахыг уриалах, тодорхой ажлууд дээр манлайлан оролцохоор сэтгэл шулуудаад байна. Залуусыг нийгмийн толь гэдэг шүү дээ. Бид өөрсдөөсөө эхэлж хичээх хэрэгтэй.
Яг одооноос, яг энэ цаг мөчөөс эхэлж арга хэмжээ авч, нөлөөлөхгүй бол бидний эх орон, бидний үр хүүхдийн ирээдүй бүрхэг байна шүү дээ. Аюулын харанга дэлдээд байна гэдгийг ахин дахин хэлмээр байна.
-Та “Бүгдээрээ хичээвэл утаагүй” challenge-д хэнийг хамгийн түрүүнд дуудах вэ?
-Дуудах олон хүн байна. Эхлээд Ч.Санжаадамба аваргыгаа нэрлэмээр байна. Монголчууд маань үндэсний бөхөө хүндэтгэж дээдэлдэг ард түмэн гэдэг утгаар нь олон хүнд үлгэр дууриалал үзүүлэх болов уу. Аварга цаашаагаа спортын төдийгүй бусдыгаа дуудах байхаа гэж бодож байна.
Дээрээс нь дуучин, Төрийн соёрхолт Д.Болд “Камертон” хамтлагийнхаа гишүүдийг дуудаж байна. Мөн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн найзыгаа дуудаж байна. Эдгээр хүмүүсийг олон хүнд, тэр дундаа залуустаа үлгэр дууриал болно гэж итгэж байгаа юм.
Өнөөдөр залуусын 70, 80 хувь нь фэйсбүүкт идэвхтэй байдаг учраас энэ давалгаанд идэвхтэй оролцоосой, дэмжээсэй, бусдыг уриалаасай гэж хүсч байна.
-Нэг хүн хэдэн хүнийг дуудах вэ?
-Багадаа 5-10 хүнийг дуудаж, цаашлаад массыг хамраасай гэж хүсч байна. Тэгж байж тодорхой үр дүн гарах болов уу гэж харж байна.
-Амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан сэтгүүлч Г.Сар
Сэтгэгдэл бичигдээгүй байна