Энэ хоёр бүсгүйн шударга ёсны төлөө үйлс олон улсын анхаарлыг татаж байна. Офшорчдын мөнгийг судлана, шийдвэрлэнэ гэдэг бол яахын аргагүй манай нийгэм-эдийн засгийн маш чухал асуудал мөн. Би яаж шийдэгдэж байгаа нарийн деталийг мэдэхгүй ч, ямар ч байсан эхин санаа нь зөв учир зөв юманд хүргэнэ л гэж бодож байна.
Зарим хүн энэ хоёр дайчин бүсгүйг их дайрч доромжлох юм. Тэгэх биш ээ, үхтлээ ичээд нүүр хийх газаргүй болох юм уу, дэмжин нэгдэх учиртай юм. Яагаад ичнэ вэ гэвэл, хүн бүр л ажилтай төрөлтэй, гэтэл Цэрэн, Туяа хоёр шиг ажил амьдралынхаа хажуугаар улс ард түмнээ гээд явж чадаж байна уу, бид? Хараад байхнээ, ажлын өдөр өө гээд л, улс түмнээ анхаарахгүй юм. Амралтын өдөр өө гээд л адилхан. Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ижий аавтай ижил эх орноо бид ингэж зөнд нь хаяж болж байна уу. Ямар хүний үнэргүй шулам мам гээч нь бид билээ? Харах хайхрах хүнгүй юу болж байна, эх орон минь? Урвагч дарга нарыг бид л "бидний хамгийн шилдэг сайн маань" гэж сонгоод, нийлж эх орноо харьд бэлэглээд, хариас ганц хоёр таваг будаа хүртээд тэнгэрийн умдаг атгасан мэт хөөрцөглөн олзуурхаж, ганц болдог юмаа хийлээ гэж омогшиж, бүгд л урвагч хулгайч болоод явнам бус уу. Энэ эх оронд байх эрхгүй дайснууд нь бус уу. Гэтэл урвагч гэдэг нь илрээд, дүүжлүүрийн тавцан дээр гарахыг мөрөөддөг нь хэд билээ дээ. “Би өмнөх ажлаа хийж, нус мусаа алчууранд нийгээд, хогоо хогийн саванд хаяад, хар амиа хоохойлж, бор ходоодоо борлуулаад явж байгаа Чингисийн удам, тэнгэр заяат, жинхэнэ чимээгүй эх оронч монгол гээч байна” гээд намгийн ёроолоос чихний чийр болтол бархираад байхыг үзвэл бид угтаа урвагч биш, эх оронч байхыг хүсдэг шиг. Толгой нь хамуураад хамаг юмыг урвуу ойлгодог болчихсон болохоос.
Тэгэхээр үнэхээр л сайн сайхан хүн байхыг хүсдэг аваас, харьд өгөөд хөсөр хаячихсан эх орноо яаж аврах вэ, би үүний төлөө хувийн ажил төрлийнхөө хажуугаар юу хийж чадах вэ гэдгээ бодож эргэцүүлэх, хийх цаг болжээ. Энэ хоёр бүсгүй Баярцогтыг авлаж байгаа аваас, би, бид хэнийг авлах вэ гэдгээ дааж авмаар. Гэхдээ эхлээд дэглэмийн эрэг шураг болж явсан өөрийгөө эрхбиш засах хэрэг гарах байх. Тэр нь ч амархан. Урвагч байхаа больё! гээд л үнэн сэтгэлээсээ, өөртөө ч юм уу, итгэлт хүндээ, Бурхандаа хэл! Ямар ч байсан зөвийг эхлүүл!
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл бичигдээгүй байна