"Аавдаа авгай авахыг заах нь" эрх чөлөө гэж үү?

2017/01/16
Өчигдөрхөн нэг ах маань "Ингээд биччихвэл яадаг бол? Арьсаа хуулуулах болов уу?" гэж асуув. Ноцтой юм ер үгүй. Харин ч аятайхан санаа байх. Зүгээр л сайн муу ямар ч зүйлийг санаанд нь нийлээгүй, нийцээгүй л бол харааж, гутааж, доромжилж гардаг олны тэр хандлагаас зүрхшээсэн хэрэг. Нэлээд хэд хоногийн өмнө нэг нөхөр маань "Нэг зүйл асуух гэсэн юм. Юм мэддэггүйгээрээ баахан хараалгадаг болов уу? Яадаг бол?" гэж байна. Өөрийгөө бодсон чинь мөн л надад тийм түгшүүр байх. Мэдэхгүй юм аа олноос асуучихаасаа болгоомжилно. Хэлээд өгөхөөсөө өмнө доромжлох гэх нь ёозгүй. "Юу ч мэддэггүй тэнэг" гэж доромжлуулах нь тийм ч хүсээд байх зүйл биш. Ардчиллын үлгэр гэгдэх Америкт мэдэхгүйгээ асуусныхаа төлөө тийм юм сонсох нь юу л бол. Хэн нэгэн өөр нэгний хувьд маш энгийн байж болох зүйлийг огтоос мэдэхгүй байж болно. Алдаа эндлийг маань хэлээд, засаад өгдөг хүн байна. Харамсалтай нь алдаа эндлийг маань харчихаад жинхнээсээ хоёр дахь ОЮУ Толгойг нээчихсэн мэт баярлаад бархирчихдаг нь олон. 

Нийтлэл маань аль нэг сайтад тавигдсан бол ард нь үлдээсэн сэтгэгдлүүдийг уншиж, хүмүүсийн санаа бодлоос суралцаж, буруу зүрүүгээ ухаарч, дутуу үлдээсэн санаагаа, мэдээ баримтыг тэндээс гүйцээж харах нь тун чухал үр дүнтэй байдаг. Бас урам зориг ч авна. Гэхдээ үнэндээ халшрах учир тийш ер шагайхыг байгаад удаж байна. Гутаан доромжлох, хараан зүхэх ч энүүхэнд. Бүр "Үхэж далд ороорой. Үндэс угсаа чинь тасраарай" гэсэн юм ч явж байх. Огт оргүй худал гүтгэлэг тавьж, манийгаа хулгайч, худалч, авилгач болгох. Түүнээ үнэмшилтэй болгохын тулд нэг ангийнх нь хүүхэд байна. Нэг нутгийнх, хамт ажиллаж байсан хүн байна ч гэж бичих. Би хэдий тоохгүй ч бас аягүй. Дээр нь миний бичсэнд биш сэтгэгдэлд илүү чухлыг өгдөг нь ч бас байна. Яг тийм байна шүү дээ гээд л дагаад намирчих. 

Энэ мэт бүдүүлэг бурангуйгаас айж, болгоомжилсноос эрх чөлөөтэй үгээ хэлж, санал бодлоо хуваалцахаас айдаг хачин байдлыг юу гэх вэ? 
.
1990 онд би л хувьд үзэл бодлоо чөлөөтэй уралдуулах, тэр дундаас аль аль нь суралцах, танин мэдэх, үр дүнд нь илүү үнэн ойлголтод дөхөх, илүү зөв шийдвэр гаргах боломж нэмэгдэхийг ардчилал, оюун санааны эрх чөлөөний нэн чухал илрэл гэж харж байв. 

Өнөөдөр бүр эсрэгээрээ эргэчихээ юу гэж ч заримдаа бодогдох. 

Ямарваа нэгэн учир шалтгаан, танин мэдэхүйн үнэр ч үгүй, хэт субьектив хандлагаа, бараг л санаанд орсноо "Миний үзэл бодол" гэх, тэгээд түүнтэй нь санал нийлээгүйгээ шууд л үгүйсгэж, харааж зүхэж, доромжлох. Юун санал бодлоо уралдуулж, дундаас нь үнэн зөв ойлголтод ойртож очих вэ? Ард нь бөөн хэрүүл, бухимдал... Ёс зүйн хэм хэмжээ, соёл, хариуцлагын тухайд бол бараг мартсан. Бусдыгаа доош хийж байж таашаал авдаг мэт аашлах. 

Наанаа үг хэлэх, дураараа байх эрх чөлөөтэй мэт боловч цаанаа мөч тутамд нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, хязгаарлаж байдгаараа угтаа ямар ч эрх чөлөөгүй, хэт анархи ийм байдлыг Ардчилал сайхан болчихлоо, эрх чөлөө сайхан байна гэж би л хувьд хэлж чадашгүй нь ээ. "Аавдаа авгай авахыг заах" нь эрх чөлөөний илрэл үү, эрх чөлөөгүй байдлын эхлэл үү? 

Би оюун санааны хувьд эрх чөлөөтэй мэт боловч яг үнэн хэрэг дээрээ эрх чөлөөгүй байна. 

Хэн нэгэн өөрийн үзэл бодлоо илэрхийлснийхээ, асуудлыг өөрийн мэдлэг, итгэл үзэл, туршлагын түвшинд ойлгосныхоо төлөө, санамсаргүй алдаа эндэл гаргасныхаа төлөө, буруу зөрүү ойлгосныхоо төлөө нийгмээс гадуурхагдах, үзэн ядагдах, тэнэг мунхагаараа, юм мэддэггүйгээрээ дуудуулах учиргүй. Тэнэг мунхагаараа дуудуулж, доромжлуулах вий гэсэн айдастай, түгшүүртэй байж огтхон ч таарахгүй. Мэдэхгүйгээ мэдэх гэж эрмэлзэж байж л ахиж дэвшдэгээс биш, мэдэхгүйгээ гутаан доромжлолоос тас нууж дүмбийж сууж байж ахиж дэвшдэг юм гэж огт үгүй. Энэ мэт бурангуй байдлаас айж, болгоомжлоод зүй ёсныхоо эрх чөлөөгөө зүй ёсоор нь эдлэхээс айдаг байж огт таарахгүй. 

Ингэхэд яс хэмлэлдэх ноход мэт нэг нэгэнлүүгээ архиралдах нь оюун санааны эрх чөлөө юм гэж үү?

Ийм хандлага давамгайлсан оюун санааны ертөнцөд оюун санааны эрх чөлөө жинхэнэ утгаараа байх, эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдлэх боломжгүй юм. 

Ийнхүү ихэд хүсэн хүлээж их өөрчлөлт хийлээ гэтэл шал эсрэг үр дүн гарахыг "Түүхэн тохуурхал" гэдэг. 

Ямар тохиолдолд ингэж түүх тохуурхдаг вэ гэхээр оюун санааны баримжаагүй болж, үнэт зүйлсийнхээ эрэмбийг алдчихсан ард түмнээр түүх ийнхүү тохуурхдаг гэдэг. Үүнийг би хэлээгүй юм шүү. Гегелийн санаа ба түүний дараа дараагийн сэтгэгчид үүнийг нь хүлээн зөвшөөрсөн. 

Өнөөдөр биднээр ч түүх гашуунаар, тунчиг гашуунаар тохуурхаж буй мэт хааяа бодогдох.

Б.Наминчимэд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна