Иргэд ярьж байна - 2: Утааг улстөржүүлэхгүйгээр “устгая”, улс төрчдөө

2017/01/16
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг  хожуу ч гэсэн хүлээн  зөвшөөрч, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож, хориглох зүйлсийг тодорхойлох, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр  УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад  хандсан зөвлөмж гаргаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газар төдийгүй  нийт иргэд байгууллагын үүрэг болгосон юм.

Тэгвэл бид  “Гамшиг” гэж тодорхойлсон утааны асуудал дээр авч хэрэгжүүлж буй төр, засгийн арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу, орчны бохирдол гамшгийг хохирол багатай даван туулахад ямар ажил хийх нь оновчтой вэ гэх мэт асуудлаар иргэдийн байр суурийг сонссоноо цувралаар хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч Б.Энхцэцэг

Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана гэж яриад байгаа. Үүнийг нэг талдаа зөв гэж харж байгаа. Гэхдээ тэр болгоныг хорино гэдэг бол өөрөө асуудалтай зүйл.

Миний бодлоор гэр хорооллыг л байхгүй болгосон цагт бид утаанаасаа салж чадах болов уу. Үүний тулд улсаас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг яаралтай авч хэрэгжүүлмээр санагддаг. 

Олон улсын жишгийг харвал утаанаас болж гамшгийн нөхцөл байдалд орж байсан улс орнууд бүгд л түүхий нүүрснийхээ хэрэглээг зогсоож, цахилгаан, хийн гааз гэх мэт зүйлүүдээр утааны асуудлаа шийдсэн байдаг юм билээ. 

Гэр хорооллын утаанаас гадна автомашины утаа гэдэг зүйл Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хэсгийг бүрдүүлдэг юм билээ. Гаалиар оруулж ирж байгаа шинэ машиныхаа татварыг багасгаад насжилт өндөртэй хуучин машинуудын татварыг нэмэх юм бол автомашины утаа гэдэг зүйлээс ангижирч болмоор юм шиг санагддаг. Гэтэл манайд энэ бодлого өнгөрсөн хугацаанд эсэргээрээ хэрэгжиж ирсэн.  

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн С.Дамбадаржаа

-Утааны асуудал тун хүнд байна, хүү минь. Өндөр настай над мэтийн улсуудад бол амьсгалах ч арга алга. За бид ч яахав. Утаа гэдэг зүйл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед хүүхдүүд л үнэхээр хэцүү байна. Хар хүйтэнд энэ аймшигт утаан дунд хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явж байна. Хамгийн их хордож, хамгийн их хохирч байгаа улсууд бол тэд. Хүүхдээ хордуулахгүй гэсэндээ хөдөө явуулчихаад санаж суугаа эцэг эх ч олон байна. Ядаж хүүхдүүдэд чиглэсэн ажлуудыг эхлээд хийгээч ээ гэж, Ерөнхий сайдаас хүсмээр байна.
 
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Б.Наминчимэд

-Утааны асуудал гэнэтхэн өнөөдөр гараад ирчихсэн хэрэг биш шүү дээ. Аль 2000 оны үеэс л хурцаар яригдаж байсан. 2007-2008 оны үед гамшгийн байдалд хүрсэн. Гэтэл өнөөдөр л гэнэт утаа болохоо болчихсон мэт хандах нь хэд хэдэн асуудлыг саармагжуулж, энэ нь цааш бодит үр дүн гарахад сөргөөр нөлөөлөх магад юм. 

Тэгэхээр юуны өмнө, бүхэл бүтэн 17 жил өнгөрчихөөд байхад яагаад байдал яагаад өөрчлөгдсөнгүй вэ? Үүнд маш тодорхой хариулт өгөхгүйгээр бид өнөөдрийн утааны асуудлыг шийдэж чадахгүй.

Ямар ямар арга хэмжээ авав, яагаад үр дүнд хүрсэнгүй вэ? Түүнээ мэдэж байх хэрэгтэй. Алдаагаа давтаж болохгүй. Дахиад л өмнөх ярьдагаа ярьж, хийдгээ хийсээр явбал үр дүн гарахгүй. Тэр үе үеийн Засгийн газруудын Утааны эсрэг янз бүрийн сайхан нэртэй хөтөлбөрүүд нь яагаад хэрэгжээгүй юм, хэрэгжсэн юм бол яагаад үр дүнд хүрээгүй юм бэ?

Энэ хугацаанд буруу шийдвэр гаргаж, тууштай, далайцтай ажиллаж чадаагүй төр засгийнхан, ялангуяа эрх баригч намынхан хэн хүнгүй хариуцлагад татагдах учиртай. Хариуцлагын асуудлыг тун шургуу нэхэхгүй бол өнөө ч, маргаашийн ч шийдвэр гаргах хийгээд хэрэгжүүлэх хүмүүс ер тоохгүй, эмзэглэхгүй, сэтгэл гаргахгүй байсаар байх нь.

Утаа бууруулах нэрээр хэдэн зуун тэрбумын бизнес хийдэг зүйл байгаа юм бишүү гэсэн хардлага эрхгүй төрдөг. Хангалттай баримтууд бий санагдана. Тийм бол энэ мянга мянган хүний амь нас, эрүүл мэндээр аймшиггүйгээр тоглосон хүмүүсийг илрүүлж цаазласан ч багадна.

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Ганболд

-Утааны асуудлаар энэ жил л эрчимтэй арга хэмжээ авч эхлэх гэж байх шиг байна. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд хандаж утаа гамшиг болсон гэдгийг зарлаж, төр засгийнханд хандаж утаатай тэмцэх ажлаа шат шатандаа эрчимжүүлэхийг даалгалаа. Энэ бол төрийн тэргүүний хувьд зөв хандлага, уриалга гаргасан сайн зүйл гэж иргэнийхээ хувьд бодож байна. 

Төрийн зүгээс утааны асуудал дээр анхаарч байгаа нь ямар хугацаанд тэгж, ингэж үр дүнд хүрнэ гэсэн юм нь харагдаж өгөхгүй байна. Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол балчир насны хүүхдүүд. Утаанд хамгийн их хэлмэгдэж байгаа хэсэг бол бага насныхан л байна шүү дээ. 

Манай Бичил хорооллын тухайд бол өглөө, оройдоо утаа бол арай дэндүү байдаг. Хэдийгээр байранд байгаа боловч гал түлдэг айл шиг л  амьдарч байна.

Улаанбаатар хот хүн амьдрахад  аюултай хот болсон гэж Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй бүрэн санал нийлж байна.  Тиймээс хот руу чиглэсэн нүүдлийг зогсоож төвлөрлийг аль болох саармагжуулах нь зөв.  Монгол улс чинь маш их газар нутагтай шүү дээ. Зөвхөн Улаанбаатарын энэ хэсэгхэн газар бүгдээрээ бөөгнөрч утаандаа хордох бус хөдөө орон нутагтаа очиж амьдрах хэрэгтэй байна. Ингэхийн тулд төрийн зүгээс хөдөө орон нутагт ажлын байруудыг олноор нь бий болгох бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт Улаанбаатарын яндангийн тоо цөөрнө. Яндангийн тоо цөөрнө гэдэг маань өнөөх л улигт утаа л багасна гэсэн үг. Иргэн хүнийхээ хувьд ийм л бодолтой явдаг даа.

БЗД-ийн 6 дугаар хорооны иргэн Ц.Тамир

-Утаанаас болж хохироогүй хүн гэж хотод байгаа бол тэр хүн лав филтертэй хоолойтой байх. Би өөрөө гэхэд бронхиттой. Би зун ээж болсон. Гэтэл миний хүүхэд энэ хотын иргэн болж төрснөөрөө өвөл эхлэв үү үгүй юу ханиад хүрч, гадаа ч гарч агаар амьсгалж чадахгүй байна. Ямар сайндаа гэрээсээ нүүгээд утааны голомтоос зугтаж аав ээж дээрээ ирчихээд байна.

Эрүүл мэндийн яам гэж монголд байдаг юм уу гэж асуумаар санагддаг шүү. Хэдэн зөвлөмж, маск тараах нь яамны ажил биш. Энэ бол 10,20 хүний л асуудал. Харин бодлогоо тодорхойлж чадвал бүх хүний асуудал. Гэтэл яамнаас утаатай холбоотой ямар бодлого шийдвэр гаргав. Ажлаа сурталчлуулах аян зарлаад л явна билээ.

Засгийн газраас шилжилт хөдөлгөөнийг хориглож буй нь яг өнөөдрийн нөхцөлд зөв алхам биш. Түүнчлэн шөнийн тарифыг тэглэнэ гэдэг ч гарц биш. Үүнтэй холбоотой эрсдлүүд олноор гарч байгаа. Зарим айл өрхүүд хулгайгаар тог ашиглах гэж галын эрсдэл гаргах жишээтэй. Энэ мэт зүгээр л хэсэг зуур аргацаасан хожмын үр нөлөөгүй шийдвэр нь харин ч эрсдэл гаргаж байгааг тооцоолоосой. Засгийн газрын шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна