Хугацаа хэтэрсэн зээл асуултын тэмдэг дагуулах уу?!

2017/03/15
-Зээлийн эргэн төлөлт эрс муудаж байгаа өнөөгийн нөхцөлд тохирсон макро, микро түвшний бодлогыг Монголбанк болон Засгийн газар, УИХ хамтран хэрэгжүүлэхгүй бол “улаан гэрэл” улалзаж эхэлснийг Үндэсний статистикийн газрын мэдээлэл энэ удаад санууллаа- 

Сайн, муу мэдээ эн тэнцүү шахам холилдсон “шинэ тоо”-нуудаа Үндэсний статистикийн газраас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ дунд иргэд, аж ахуйн нэгжийн хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн сарынхаас 106 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоос 61 тэрбум төгрөгөөр өсч нийт 1.1 их наяд төгрөгт хүрсэн гэх тоо анхаарал татаж байна. 

Зээлгүй иргэн, аж ахуйн нэгж, айл өрх хуруу даран тоолмоор цөөрсөн нь уг нь нэг талаар сайн үзүүлэлт юм. Учир нь зээлийг зөв зарцуулбал хөрөнгө оруулалт болж, баялаг үйлдвэрлэлийг дэмжихээс гадна иргэдийн хувьд өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлээр орон сууцтай болж амьдралынхаа хамгийн чухал асуудлыг шийдсэн.

Харин “муу” байж болох тал нь гэвэл иргэдийн гар дээрээс гар дамжин эргэлдэж байсан бэлэн мөнгөний урсгал зээлийн эргэн төлөлт рүү шингэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний болон тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, бусад үйлчилгээний салбарын борлуулалт муудсан нь үнэн.

Тэгэхээр “Нарантуул” захаас авахуулаад “Наран” их дэлгүүрээ хүртэл худалдан авагч цөөрч, борлуулалт эрс муудсан нь илэрхий анзаарагдах болсон ийм үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт муудсан нь гайхахаар зүйл биш байх. 

Монголд зээл хэмээх санхүүгийн бүтээгдэхүүн чамгүй өндөр өртөгтэй. Аж ахуйн нэгж, иргэд нь хуримтлал багатайгаас голдуу банкны зээлийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг онцлогтой тул эргээд эцсийн бүтээгдэхүүнийхээ ашгаас зээлээ нөхөх нь амаргүй сорилт болдог. 

Монголбанкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, хөгжил, үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс, санхүүжилт болон зардлын байдлыг тодорхойлох зорилготой түүвэр судалгааг 2016.08-2016.09 сарын хооронд явуулсан байх аж.

Энэхүү судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нийт зардалд үйл ажиллагааны үндсэн бус зардал буюу зээлийн хүүний зардал 9.5 хувь, хураамж шимтгэл 5.4 хувь, нийтдээ 15 орчим хувийг бүрдүүлж байна. Харин үндсэн зардал болох түүхий эд, цалин хөлсөнд нийт зардлын 49 орчим хувь нь зарцуулагддаг гэх дүн гарчээ. Эдийн засгийн хямралаас үүдээд олон аж ахуйн нэгж цалин хөлсөө цаг хугацаанд нь өгч чадахгүй байгаа төдийгүй зээлийн зардлаа ч хугацаанд төлж чадахгүйд хүрч буйг Үндэсний статистикийн газрын мэдээ энэ удаад харууллаа. 

Зах зээлийн орчин буюу макро орчны эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворгүй байдаг нь бизнесийн хөгжилд сөргөөр нөлөөлөөд байгааг бодлого тодорхойлогчид сайн мэддэг. Тэр дундаа ажилгүйдэл, ядуурал бизнест хамгийн сөрөг нөлөөтэй байгааг судалгаанд оролцогчид нэрлэсэнтэй шийдвэр гаргагчид бүрэн санал нийлдэг. Гэвч харилцан хамааралтай тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдах нь тодорхой биз ээ.

Зээл, санхүүжилтийн орчин, нөхцөл угаас сайнгүй, үүнтэй зэрэгцээд эдийн засаг хүндэрсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр зээлийн эргэн төлөлт эрсдэл дагуулж эхэлснийг тооцох нь зөв боловч зээлдэгчийн хариуцлага, үүргийн асуудлыг хэн ч зөвтгөхгүй нь бас л ойлгомжтой.

Монголбанкны дараагийн зөв алхам юу байх бол?

Монголбанкны зүгээс саяхан энэ оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх мэдээлэлд үндэслэн зээлээ хугацаа хэтрүүлсэн боловч төлж барагдуулсан 25 мянган гаруй зээлдэгчийн “муу зээлдэгчийн түүх”-ийг хаасан. Тэдгээр зээлдэгчийн авсан зээл нь нэг жилийн дотор төлж дуусах гэрээний нөхцөлтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй буюу 2.9 сая орчим хүртэлх төгрөгийн зээл байв.

Монголбанкны мэдээллийн сангийн “хар жагсаалтад” бичигдсэн иргэн, аж ахуйн нэгжид дахин зээл олгохгүй гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ч арилжааны банкууд Төвбанкны мэдээллийн сан дахь ангиллыг харгалзан эрсдлээ тооцдог жишиг нэгэнт бий болсон. Уг мэдээллийн сангийн мэдээлэл 10 жил болж “устдаг” бөгөөд ийм урт хугацаанд зээлжих эрхээ хасуулах нь тэгш бус. Зээлийн тэгш хүртээмж, түүнчлэн санхүүжилтын орчныг сайжруулах бодлогын алхам болгож Монголбанк 25621 мянган мэдээллийг “хэвийн бус” ангиллаас хассан хэрэг.
 
Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дундахь судалгаагаар тэднийг хамгийн сайн дэмжигч байгууллагаар арилжааны банкууд нэрлэгддэг бол УИХ, Засгийн газар, Монголбанкны дэмжлэг хамгийн тааруу гэсэн дүнг авсаар ирсэн. Үүнд Монголбанк дүгнэлт хийж, санхүүжилтийн орчныг сайжруулах чиглэлд өөрсдийн үйл ажиллагаагаа эргэн харсан нь сайшаалтай. Гэвч цаашид зээлийн муу мэдээллийг дахин хаахгүй гэдгээ Монголбанкны зүгээс хатуу мэдэгдэж байгааг ч энд онцольё.

Харин зээлийн эргэн төлөлт эрс муудаж байгаа өнөөгийн шинэ нөхцөлд тохирсон макро, микро түвшний бодлогыг Монголбанк болон Засгийн газар, УИХ хамтран хэрэгжүүлэхгүй бол “улаан гэрэл” улалзаж эхэлснийг Үндэсний статистикийн газрын мэдээлэл энэ удаад санууллаа.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна