"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт шаардлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт гаргана

2017/03/18
"Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам санхүүжилт шаардлагатай алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. "Алт-2" хөтөлбөрийн үндсэн зорилго нь алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тонн хүртэлх алт олборлох, алтны нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх юм. Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаар хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанктай хамтран гаргана. Үүний зэрэгцээ Монгол, Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтын үеэр Монголын тал "Алт-2" хөтөлбөрт шаардагдах санхүүжилтийг Канадын талаас хүссэн талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдээллээ. “Алт-2” хөтөлбөрөөс гадна энэ онд хэрэгжүүлж эхлэх боломжтой томоохон төслүүдээс “Centerra Gold”-ийн хөрөнгө оруулалттай Гацууртын төслийг Сангийн сайд онцоллоо.

Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын алтны салбарт эерэг үнэлгээ өгч байна. Тухайлбал, Канадын хөрөнгө оруулалттай “Steppe Gold” компани Монголд хайгуулын ажилд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулаад байна.

Мөн Монголд “Алтан Нар”, Баян хөндий зэрэг алтны хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа “Erdene Resource Development “компани Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулах замаар 13.8 сая канад долларын санхүүжилт татах саналаа амжилттай гүйцэлдүүлсэн юм. Канад улс болон олон улсын байгууллагуудын захиалгын хэмжээ “Erdene Resource Development”-ийн тавьсан саналаас давсан талаар тус компани мэдээлжээ. Харин олон улсын зах зээлд гоёл чимэглэлийн зориулалттай алтны эрэлт буурч байгаа ч хөрөнгө оруулалтын шинжтэй алтны эрэлт өсөж байгаа талаар салбарын шинжээчид онцолж байна.

Монгол Улс оны эхний хоёр сард нийт 30.7 сая ам.долларын боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их Британид экспортолсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Мөнгөн дүнгийн хувьд 2016 оны мөн үеэс ойролцоогоор хоёр дахин буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна