Зээлийн карт ба ОУВС

18 цаг 30 минутын өмнө
Санхүүгийн сахилга баттай, ухаалаг хэрэглээтэй хүмүүс зээлийн картыг эрхэмлэдэг. Санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарах, эсвэл хүүтэй зээлүүд дунд маневр хийх зэрэгт ухаалаг харилцагчид мэдрэмжтэй ашигладаг.

Гэхдээ энэхүү картыг банкнаас авахад тийм ч хялбар биш. Та дор хаяж тогтмол орлоготойгоо нотлох ёстой болно. Цаашилбал зээлийн мэдээллийн сан дундах таны мэдээллийг шалгаж давхар хэдэн зээлтэй байна, өмнөх зээлийн түүх нь ямар юм, санхүүгийн хир сахилга баттай нөхөр вэ гэдгийг судална. Зээлийн өндөр эрхтэй картууд сурталчилгаандаа "Таны нэр төрийн баталгаа" гэж тоть шиг хэлээд байдаг нь ийм учиртай.

Тухайн хүний оноосон нэр, ургийн овгийн баталгаа бус тэр нөхрийн санхүүгийн сахилга бат, хариуцлагын баталгаа гэсэн ойлголтыг илэрхийлсэн үг байх нь ээ. Анх удаа зээлийн эрх нээлгэж, бага биш дүнтэй зээлийн карт авч байгаа хүмүүсээс банкууд голцуу барьцаа хөрөнгө, хадгаламжийг царцаах зэрэг арга механизмуудыг ашигладаг.

Тэгэхээр зээлийн карт авах банкны шаардлага хангаж байна аа гэдэг нь иргэн хэнбугайн ч НЭР ТӨРИЙН БАТАЛГАА байтугай ТУСГААР БАЙДЛЫН НОТОЛГОО юм.

ОУВС-ийн урт хугацааны өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь "томоор" харвал улс орны хувьд нэг л зээлийн карт. Мэдээж хүү төлнө. Энэ инститиуцийн санхүүжилтийг авъя гэж хүсэлт гаргавал мэдээж тухайн улс санхүүгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийлгүүлж, сахилга батаа шалгуулж, амлалт өгч таарна.

Дээр жишээ авсан хувь хүний зээлийн картын онцлог нь гарч болзошгүй гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилготой байдаг бол энэхүү хөтөлбөр маань өрийг өрөөр дарах нөхцөл байдалд яригдаж байна. Улс орны хувьд өрийн удирдлага энэхүү хөтөлбөрийн гол зорилго мэт боловч сайн анзаарч хараад ашиглаж чадвал Монгол улсын санхүүгийн сахилга бат, хариуцлагын тогтолцооны менежмент болохоор санагднам.

Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг бол олдсон болгоноо хяналтгүй, замбараагүй идэж уудаг, зарцуулдаг хариуцлагагүй хүмүүсийн л ойлголт гэж би хувьдаа хардаг. Миний хувьд өрийг удирдаж чаддаггүй, санхүүгийн сахилга батгүй, мөнгөгүй мэдлэггүй, хөдөлмөрийн үнэ цэнийн мэдрэмжгүй хүмүүс л өөдөлдөггүй!

"Боломжтой" байсансан бол боломжийг ашиглахыг биднээс хэн ч албадахгүй, бид хэнээр ч үүнийгээ заалгахгүй байсан буй заа! Өнгөрсөн хугацаанд бидний туйлсан, баруун солгойгүй цацаж тансаглаж идэж уусан АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТӨГ. Харин одоо яригдаж буй хөтөлбөр бол бидний ирээдүйн хариуцлагын өнөөгийн үнэ цэнэ! Ардчилал бол хариуцлага гэдгийг бид одооноос л ойлгож эхлэх гээд байгаатай агаар нэгэн зээл бол ОЛДСОН БОЛОМЖИЙН ХАРИУЦЛАГА бөлгөө.

В.ГАНЗОРИГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна